Өглөө 07.00 цагт ажлаа эхлүүлж, 16.00 цагт тардаг болъё
Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 17-ноос эхлэн өглөөний 08:00 цагт ажлаа эхэлж, 17:00 цагт тарахаар болжээ. Гэхдээ энэ зохицуулалт нийслэлийн төр захиргааны байгууллагад 35 мянган ажилтан, албан хаагчдад хамаатай. Зорилго нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах.
Яг үүн шиг хот даяараа дулааны улирлын цагийн хуваарьт шилждэг болъё. Тэгэхдээ бүр эртэчээр. Өглөө 07.00 цагт ажлаа эхлүүлж, үдээс хойш 16.00 цагт тардаг. Харин худалдаа, үйлчилгээний байгууллагууд шөнийн урт цагийн хуваарьтай. Цагийн энэ зохицуулалт нийгмийн олон талын ач холбогдолтой. Наанадаж л иргэдийн эрүүл мэндэд тустай. Эрт хоолоо идэж, дасгал хөдөлгөөн хийж, шингээх цаг гарна. Оройн цагийг гэр бүлдээ зориулж, агаар салхинд гарахаас эхлээд гэр бүл рүү чиглэсэн зөв зохицуулалт болно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эртэч монгол” болцгооё гэсэн санаачилгыг гаргаж байв. Тэрбээр монголчуудыг өглөө эрт босдог, ажил хэрэгч соёлтой болох хэрэгтэйг Ерөнхий сайдын ажлыг анх авахдаа хэлж байлаа. Энэ үгээ хэрэгжүүлэх цаг нь одоо ирлээ. Зуны улирал ирж, цаг агаар дулааран, нар ч эрт мандаж байна. Харин бид унтсан хэвээр л байна.
Тэгэхээр одоо Ерөнхий сайд эртэч монгол санаачилгаа ажил хэрэг болгоё. Бүр Засгийн газрын шийдвэрээр албажуулж, улс даяараа мөрдье. Ядаж дулааны улиралд бүгдээрээ эртэч байцгаая.
Засгийн газрын шийдвэрээр төрийн байгууллагууд ажлаа эрт эхэлж, эрт тардаг болчихвол иргэд дагаад эртэч болно. Төрийн байгууллагын ажлын цагт багтаж үйлчилгээ авахын тулд эрт босно. Өглөө эрт боссон хүн илүү бүтээлч байдгийг хүн бүхэн мэднэ.
Мэдээж, хувийн томоохон компаниуд ажлаа цагаа өөрсдөө зохицуулж болно. Тэд төрийн байгууллагуудаас ажлын цагаа зөрүүлбэл хотын түгжрэлд саатахгүй.
Одоо бид ямар байгаа билээ! Нар дээр гартал унтаж, хувь, хувьсгалгүй бүгд 08, 09 цагт ажлаа эхлүүлдэг. Бүгд нэг цагт ажил, гэр рүүгээ яарч, бүгдээрээ зам дээрээ түгжирдэг. Үйлчилгээний байгууллага, дэлгүүр, худалдааны төвүүд бүр 10, 11 цагт үүдээ нээнэ. Хэрхэн хөгжиж, яаж орлого олох юм бэ. Орой 18 цагт ажлаа дуусгаад дэлгүүр хоршоо хэсэх боломжгүй, бүгд хаалгаа барьчихна.
Сая гаруй хүн амтай метрополис хотын тоонд орсон Улаанбаатар ийм унтамхай, уйтгартай баймааргүй байна. Амьдрал өглөө эртээс үдшийн харанхуй болтол буцалдаг завгүй хот болмоор байна. Дээр нь Улаанбаатар залуусын хот. Хотын нийт хүн амын 40 хувийг залуус эзэлдэг. Залуус унтах-ажиллах гэсэн хоёрхон сонголттой амьдармаагүй байна. Ажлын цагаа дуусгаад амарч зугаалдаг, наргиж цэнгэхийг хүсч байгаа. Гэтэл өнөөдөр манай хотын үзвэр, худалдаа, үйлчилгээ бүгд албан ажлын цагтай давхцаад шахуу хаачихдаг. Архи уудаг газруудаас бусад нь хаалттай. Магадгүй энэ байдал нь архидалтыг нэмэгдүүлдэг биз.
Тэгэхээр дулааны улиралд цагийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна, бүр бүгдээрээ дагаж мөрдөх. Ерөнхий сайд ганцаараа эрт босдог байгаад нэмэргүй, хот даяараа унтаж байхад. Тиймээс л нэгдсэн зохицуулалт, зохион байгуулалт хэрэгтэй байгаа юм. Ажилч хэрэгч үндэстэн болохын тулд өглөө эртэч байх хэрэгтэй шүү дээ.
В.Бат