УИХ-ын гишүүн Ц.Анандбазар олон эмэгтэйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн асуудал дэгдэж, нийгмийн сүлжээнд MeTоo хөдөлгөөн хүртэл өрнөж буй. Түүнийг Сод Монгол групп-т ажилд орсон бүсгүйчүүдээс шилж сонгож, бэлгийн дарамт үзүүлдэг хэмээн хэд хэдэн эх сурвалж хэвлэлд ярилцлага өгөөд буй. Гэвч Ц.Анандбазар энэ бүхнийг няцааж, улс төрийн зорилготой гүтгэлэг хэмээн мэдэгдээд байна.
УИХ-ын Ёсзүйн байнгын хорооны гишүүд Ц.Анандбазар гишүүний асуудлыг хэлэлцэхгүй, бидэнд хамаагүй гэсэн хариултыг өгөөд буй. Харин МАН-ын удирдлагууд өөр бодолтой байна. Өөрөөр хэлбэл МАН-ыг муухай харагдуулж байгаа хүмүүсийг намаасаа хөөх хүртэл яриа гарчээ. Энэ тухай МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр ТВ9 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх “...Би холбогдох газарт нь хэлж байгаа, гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуулаа. Гэхдээ УИХ-ын гишүүнээс түдгэлзэх эсэх нь тухайн хүний өөрийнх нь асуудал байгаа юм. Өөрөө өргөдлөө өгч байж түдгэлзэнэ. Эсвэл хууль хяналтын байгууллага энэ хүнийг түдгэлзүүлж байж шалгана гэсэн хоёр зам байгаа. Одоо Ц.Анандбазарыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Хэрвээ хэрэг хийсэн нь тогтоогдвол энэ хүн хариуцлага хүлээх ёстой. Буруугаа бол буцаад орж болно. Тиймээс энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэж би намын даргын хувьд өөрийнхөө зарчмын байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын гишүүнээс түдгэлзэхгүй бол намаас нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж байгаа” гэсэн маш тодорхой байр суурийг илэрхийлжээ. Товчхондоо УИХ-ын гишүүнээс түдгэлзээд шалгуул, үгүй бол намаасаа зайлуулна гэдгээ тэрбээр хэлжээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч өөрийн хатуухан байр суурийг илэрхийлсэн байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ц.Анандбазартай холбоотой нийгэмд нэлээн газар авсан. Үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Буруугүй гэдгээ нотлуулчихаад буцаад ороод ирэх нь ёс зүйд нийцнэ. Хариуцлага тооцох боломжтой субъектуудэд нь саналаа хэлсэн" хэмээн мэдэгдсэн.
Тэгэхээр МАН-ын удирдах түвшнийхэн Ц.Анандбазар гишүүнд шахалт үзүүлж эхэлсэн гэсэн үг. УИХ-ын гишүүнээс цаашлаад намаасаа түдгэлзээд шалгуулах замыг түүнд зааж өгчээ.
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн. Ийм эгзэгтэй цаг хугацаанд эрх баригч намыг муухай харагдуулах жижигхэн ч асуудал байж болохгүй. Тиймээс ч МАН-ынхан Ц.Анандбазараас салахын түүс болж байгаа нь илэрхий. Харин “хэргийн эзэн” өөрийгөө бус шүгэл үлээгчдийг шалгуулж байгаагаа хэвлэлд яриад явж буй. Гэхдээ түүнийг хуулийн байгууллагаас шалгаж байгааг МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн байгаа. Шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний бүрэн эрх халхавч болох нь тодорхой. Тиймээс Ц.Анандбазар тийм ч амархан түдгэлзэхгүй нь мэдээж. Одоо намын шахалт түүнд хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ. У.Хүрэлсүхийн үгийг сонсох уу, тас гүрийж намаасаа хөөгдөх үү гэдгээс Ц.Анандбазарын ёсзүйгээс гадна МАН-ын даргын зангарагийг ч харж болно.
В.Бат