Хариуцлага нэхсэн сэтгүүлчдийн асуултад АН-ын нэг дарга М.Тулгат “Ардчилсан нам устах гэж байхад юун корона, юу өвчин” гэж уурслаа. Энэ бол улстөрчдийн үнэн төрх, иргэд ээ.
Та үзэл бодлоо илэрхийлэх эсвэл мөнгөний төлөө олон хөлийн газар явж байгаад коронавирусийн халдвар авбал яах вэ?! Өөрөө өвдөөд зогсохгүй гэр бүлээ эрсдэлд оруулбал М.Тулгат, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, С.Эрдэнэ, өөр хэн гуай ч таны өмнөөс өвдөхгүй, зовохгүй. Таныг өвдөж байгааг ч мэдэхгүй, тоохгүй. Тэд эрх мэдэл, албан тушаалын төлөө таныг ашиглаж байгаа нь энэ. Эцэст нь муугаар бодоход та эрүүл мэнд, амь насаараа хохироод үлдэнэ. Товчхондоо та улстөрчдийн амьд золиос болно гэсэн үг. Энэ чинь улстөрчдийн үнэн төрх. Тэд таны амьдралын төлөө талбай дээр өлсгөлөн зарлаагүй. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх их шунал нь тэднийг тэнд суулгаж байгаа.
Таны амьдралд хэцүү, бэрхшээлтэй зүйл тохиолдож, талбай дээр суулт хийх, өлсгөлөн зарлах хэмжээнд очвол тэд тань дээр очих болов уу. Таныг тоож харах болов уу. Урьд өмнө талбай дээр өлсгөлөн зарласан, суулт хийсэн бүр өөрийгөө шатаасан хүний төлөө улстөрчид үг хэлсэн үү. Тэд асуудлыг нь сонсч, шийдэхийн төлөө дуугарсан улстөрчийг та харсан уу, сонссон уу. Үгүй ээ, үзээд өгье гэсэн ч тийм улстөрч олдохгүй. Товчхондоо улстөрчид иргэн таны төлөө биш эрх мэдлийн төлөө тэнд суугаа юм. Эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулан байж тэнд очсон иргэн та тэдний эрх мэдэлд хүрэх шат болсноос өөрцгүй.
Та Монголын ардчилал аюулд орлоо гэж бодож байна уу, яг л Н.Алтанхуяг, С.Ганбаатар, М.Тулгат нарын ярьж байгаа шиг. Үгүй дээ, Монголын ардчилал биш Ардчилсан нам л дотроосоо өтөж байгаа нь энэ. Хэрвээ Монголын ардчилал аюулд орсон бол та өчигдөр төв талбайд очиж чадахгүй байлаа. Бүр Э.Бат-Үүлийн үснээс зулгааж, заамдаж авч чадахгүй байлаа. Цаашлаад Ардчилсан намын тугийг булаацалдаж, нэгнээ харааж зүхэхгүй, зодож цохихгүй байлаа. Ийм эрх чөлөө танд олдохгүй байсан гэсэн үг.
Ардчилал байгаа учраас та цар тахлын аюулт үед төр засгийн үгийг үл тоогоод олон зуугаар цуглаж, орилж хашгирч чадаж байгаа юм. Хэрвээ ардчилал үгүйсэн бол таныг төв талбайгаас хөөж, албадан баривчлах байлаа.
Та Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, А.Адьяасүрэн, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нарын дэмжигч байж болно. Эсвэл С.Эрдэнэ, М.Тулгат, Э.Бат-Үүл нарын талынх ч байж болно. Ардчилсан улсын иргэний эрхээ эдэлж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийн тулд эвлэлдэн нэгдсэн ч байж болно. Гэхдээ та юуны төлөө вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Хэн нэгний эрх мэдэл, албан тушаалын төлөө явж байна уу эсвэл ардчилал аюулд ороод жагсаж байна уу гэдгийг та бодоод үзээрэй.
Улстөрчдөд эрх мэдэл, албан тушаалын насан туршийн эрх ашиг, шунал байдгийг та Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нараас харж байгаа. Тэд өнөөдөр хоёр талд гарч суучихаад бий болгосон ардчиллаа өөрсдийн гараар устгах гээд тэмцэлдэж байна. Ам нь аюулд орсон ардчиллыг аврах гэж байгаа ч үйлдэл нь өөрсдөө устгах хэмжээнд хүрээд буйг учир мэдэх хүмүүс хэлүүлэлтгүй харж байгаа.
Тэд иргэн таны төлөө биш өөрсдийн эрх мэдэл, албан тушаалтын төлөө үхэн хатан тэмцэлдэж байгаа нь энэ. Хойч үедээ зайгаа тавиад өгөх ухаан сэхээгүй тэмцэлдэж буй сэхээтнүүд гэсэн үг. Харин та тэдний албан тушаалд хүрэх шат болгон гишгэгдэж байгаагаа ухаарах хэрэгтэй. Тэдний үгийн санд ард түмэн, иргэн, дэмжигчид гэх үгс байдаг ч ажил хэрэгтээ энэ тухай дурдахгүй. Зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө өлсөөд ч болтугай хүссэндээ хүрэхийг хичээж буй. Улстөрчдийн үнэн төрх энэ, иргэд ээ. Тэд таны, миний төлөө өлсөөгүй шүү.
В.Бат