Энэ асуултыг хариулт нь тун хялбархан. Та аль хэдийнэ вакцинаа хийлгэсэн бол Монгол Улсын хариуцлагатай иргэн. Та өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ цаашлаад монголчуудын эрүүл мэнд, амь насны төлөө үүргээ ухамсарлаж, уртаас урт очер дарааллыг ч түүртэхгүй вакцинаа хийлгэсэн. Үүнийхээ төлөө хариуцлагатай иргэн гэсэн алдрыг хүртэх эрхтэй. Засгийн газрын 50 мянган төгрөгийг нүүр бардам авах эрхтэй.
Харин та Засгийн газраас вакцин хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэсэн мэдэгдлийн дараа вакцин хийх цэг рүү явж буй бол арчаагүй амьтан. Өрөөлийн бүү хэл өөрийнхөө ч эрүүл мэнд, амь насны төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй ухамсаргүй, залхуу амьтан. Ухамсарт хүн бүр эрүүл мэндээ хамгаалж, амьд үлдэхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнээ хийдэг. Ядаж л төрийн аваад ирсэн вакциныг хэн нэгнээр гуйлгаж гувшуулахгүйгээр хийлгэж, иргэний үүргээ гүйцэтгэнэ. Гэтэл та мөнгөний сургаар вакцин хийлгэхээр явж буй бол авах юмгүй арчаагүй амьтан л гэсэн үг.
Сангийн сайд Б.Жавхлангийн өгсөн мэдээллээр хүнсний талон авдаг 47 мянган иргэний 29 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний талоноос бусад төрлийн халамж авдаг 211 мянган иргэний 80 мянга нь вакциндаа огт хамрагдаагүй байна.
Та бүхэн төрийн халамж авч, хоолоо халбагадуулдаг шигээ вакциныг гэртээ аваачиж хийлгэхийг хүсээ юу?! Одоо та төрийн 50 мянган төгрөгийн төлөө вакцин хийлгэх үү? Та яг юуны төлөө амьдардаг вэ, та үүрэг хариуцлага гэж мэдэх үү? Ийм байж та гуйлгачин гутранги амьдралдаа хэнийг буруутгана вэ. Хариуцлагагүй, арчаагүй болохоороо л та ядуу амьдарч байгаа. Бүр үнэ төлбөргүй вакцин хийлгэж, эрүүл мэнд, амь насаа хамгаалах ч ухамсаргүй болтлоо арчаагүй байдалтай байна. Төрийн халамжийг авдаг шигээ үүргээ биелүүл. Та өвдөж, үхэж болох ч таниас болоод ажлаа хийгээд амьдралаа залгуулж буй хэн нэгэн хохирох ёсгүй.
Коронавирус монголчуудад олон зүйлийг ойлгуулсан. Төрийн шийдвэр гаргагчдаас эхлээд энгийн иргэн хүртлээ ямархан хэм хэмжээтэйг маань харууллаа. Одоо хэтэрсэн халамж иргэнийг хариуцлагагүй, залхуу, арчаагүй болгодгийг харуулж байна. Төрийн халамж аваад амьдрал ч өөдөлдөггүй, үзэл бодол нь ч сэхдэггүй ялзарсан бүлгийг бий болгочихож. Амаа ангайгаад л хэвтэж байх цор ганц хүсэлтэй мянга мянган хүнийг хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж байгаа хэсэг бүлэгхэн нь тэжээдэг. Харамсалтай бас гунигтай байна.
Цар тахал бол нийтийг хамарсан онц аюулт гоц халдвартай өвчин. Энэ тохиолдолд нэг хүн бус нийтийн эрх ашгийг дээгүүр тавих ёстой. Төр ч албадах эрхтэй. Нийтийн эрүүл мэнд, эрх ашгийн эсрэг залхууран хэвтэж буй халамж хүртэгч таны эрх гэж байхгүй гэсэн үг.
В.Бат