УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч болох том амбицтай. Тэрбээр “Би нэг л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болно” хэмээн мөрөөдөж яваа. Харин түүний энэ мөрөөдлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр нураачихлаа. МАХН, МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намын нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлэв. Өөрөөр хэлбэл МАХН-аас С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйг хэлчихэв. МАХН-ын даргын энэ алхам УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “шатаалаа”. Энэ тухай тэрбээр “Шатаж байгаа. Хүмүүс ойрын үед “чи дуугаа өндөрсгөж битгий яриарай” гээд байгаа. Гэтэл өөрийн эрхгүй цаанаасаа дуу өндөрсгөөд байна. Би аль болох л намдуу ярих гээд байгаа. Гэхдээ л олон жилийн миний хөдөлмөр шүү дээ. Маш олон жилийн хөдөлмөр, боорлуулсан, зодуулсан, зодолдсон хэцүү, хүнд жилүүдийг өнгөрөөлөө” хэмээн хэвлэлд ярьжээ. Нэгэн цагт гар барьж нийлсэн Н.Энхбаяр даргаасаа тэр уурлаад саллаа. Уур бухимдал нь уугисан С.Ганбаатар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн даргалдаг АН-д элслээ.
Эрх ашгийн төлөө нам дамжиж явдаг түүнийг нэг намаас нөгөөд элсэж байгаад гайхах зүйлгүй. ХҮН-аас МАХН-д, одоо МАХН-аас АН-д ирлээ. Дараагийн сонгуулиар өнөөдөр муулж байгаа МАН-тайгаа нийлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй.
Тэр Монгол Улсын Ерөнхийлөгч болох ганцхан зорилготой. Энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд сүнсээ ч худалдахад бэлэн байна. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь ч тодорхойгүй байгаа АН-д орлоо. Дахин нэр дэвших боломжгүй болсон Ерөнхийлөгч Х.Баттулгын талын АН-д элсвэл өөрт нь боломж олдож магадгүй хэмээн тооцоолсон нь тодорхой. Эрхэм гишүүн өөрийгөө Ерөнхийлөгч Х.Баттулгыг залгамжлан төрийн тэргүүн болно хэмээн мөрөөдөж яваа ч юм билүү.
Гэвч нэг АН-ынхан УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хүлээн авсан ч нөгөө АН-ынхан түүнийг нэг нүдээрээ ч харахгүй нь тодорхой байна.
АН-ын дарга асан С.Эрдэнэ: ...Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой! УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч, АН-д элслээ гэжээ. АН-д хэн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна!! Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй!!!
Хотын дарга асан Э.Бат-Үүл: Намд маань фэнгшү Ганбаатар элсэж. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ?! 1-т Ерөнхийлөгчид нэр дэвшигчд тавих шаардлага хангахгүй, 2-т АН бол дуртай нь ирээд нэр дэвшээд явдаг хямд Motel биш, 3-т АН нь чавесчуудын нам биш,өөр мундаг олон нэр дэвшигчтэй!
АН-ын лидерүүдийн хэлснээс харвал С.Ганбаатар гишүүний АН-д ирсэн зорилго тийм ч амархан биелэхгүй нь. Бүр намын гишүүнээр ч хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой байна. Гаднаас хүн оруулан сонгуульд нэр дэвшүүлэх нь бүү хэл, дотроо учраа олохгүй байгаа АН-д элссэн нь С.Ганбаатар гишүүний уур бухимдал хэрхэн шатаж яваагийн илрэл. Товчхондоо орох байх газраа олж ядан явахдаа О.Цогтгэрэлтэй гар барьчихлаа. Гэвч энэ түүнд шулуун зам биш.
АН-ын сунгаанд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар оролцохоо зарлаад буй. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг шиг АН-ынхан 20 хуваагдсан ч нэр дэвших эрхээ С.Ганбаатарт өгөхгүй нь ойлгомжтой. Хаалгаар орж ирээд, шууд хойморт залрах боломж тийм амархан биш.
Тэр тэмцэгч байж ханасан гэнэ. Харин одоо сайн ялагч байхыг хүссэн учраас АН-ыг Ерөнхийлөгчийн суудалд хүрэх шат болгон ашиглахыг санаархлаа. Гэвч хувь тавилан хоржоонтой, АН-д С.Ганбаатараас гадна олон асуудал бий.
В.Бат