Таван удаагийн хөл хорионы дараа ч төрийнхөн учраа олсонгүй
Улаанбаатарчууд тав дахь удаагийн хөл хориондоо сууж байна. Иргэд хөл хорионд ажиллаж, амьдрах учраа аль хэдийнэ олсон. Хүүхдээ гэртээ хорьж, өвдсөн ч өөрсдөө аргалж, өндөр настай ээж аавдаа очихоо азнаж, товчхондоо хайртай бүхнийхээ төлөө хичээж буй. Хэн ч өвдөхийг хүсэхгүй учраас аюулгүй ганц газар нь гэр хэмээн ажил, амьдралаа хойш нь тавьсан. Мэдээж, амьдрал зогсохгүй учраас асуудал мундахгүй олон ч төрийн шийдвэрийг ягштал мөрдөж буй. Товчхондоо нийслэлчүүд хөл хорионд амьдраад сурчихжээ.
Харин төрийнхөн л учраа олсонгүй. Таван удаагийн хөл хорионы дараа ч QR код хэмээн улиглаж, учраа олохгүй, шийдвэрээсээ эргэж буцаж байна. Хамгийн анх QR кодоор зорчиж байхад үүсч байсан асуудлууд өнөөдөр ч давтагдаж, ажилдаа яваа хэсэг бүлэг хүмүүсийг залхааж байна.
Төрд сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс ажилладаг байсан бол өдийд QR кодныхоо учрыг олчих байлаа. Систем нь бэлэн, үйл явц нь ч тодорхой, төр зөвхөн хяналт тавих үүргийг л гүйцэтгэж байх цаг хугацаа өнгөрсөн. Гэтэл өнөөдөр QR кодны хүсэлт авах, нэгтгэхээр 24 хүн компьютерийн ард сууж байгаа нь үнэндээ эмгэнэл. Бүхэл бүтэн 24 хүн хэмээн тодотгоод байх ч шаардлагагүй. Монголчууд коронавирусийн халдвартай нүүр тулаад жил гаруйн хугацаа өнгөрч, хэдэнтээ бүх нийтээрээ хатуу хөл хорионд сууж байна. Яагаад энэ хугацаанд ядаж замын хөдөлгөөнөө хэрхэн зохицуулахаа шийдэж болоогүй юм бэ.
Таван удаа хөл хорио тогтоосон төр маань зам дээр цагдаа, иргэн хоёрыг дайсан болгож, нэг нь байцааж, нөгөө нь хүний зовлон, амьдралын асуудлаа тоочихоос ч залхаж байна.
Сайд, дарга нар галын шугаманд ажиллаж байгаа төрийн албан хаагчид туйлдаж байгааг хэлдэг. Үнэндээ тэднийг ажил нь бус эргэж буцсан төрийн шийдвэр туйлдуулж байгаа. Өчигдөр ч гэхэд Эрүүл мэндийн сайдаасаа эхлээд яамныхан, эмч, эмнэлгийн ажилчид бүгд цагийн хязгаарлалтад орж, ажилдаа очих учраа олохгүй гацлаа.
Эмчийг цагийн хязгаарлалтад орж, зам дээр гацаж байхад эмнэлгийн орон дээр хэн нэгэн үхэл амьдралтай тэмцэлдэж буй. Яагаад ийм энгийн зүйлийг ойлгоод зохицуулалт хийж болдоггүй юм бэ. Эмч, эмнэлгийнхэнд хязгаарлалт тогтоох нь өвдөж зовсон нэгнийг үх гэж байгаатай ялгаатай гэж үү. Аргаа ядсандаа эмч нар иргэн та цагийн хязгаартай өвдөнө үү гэж эмгэнэж байна. Баянзүрх дүүрэгт гэртээ резидент эмч Сонгинохайрхан дүүргийн дархлаажуулалтын цэгт ажиллах хуваарьтай. Гэвч цагдаа явуулахгүйгээс үүдэн тэр цэгийн дархлаажуулалт хэдэн цагаар хойшилж, иргэд гадаа нь уурлаж, дотор нь зохицуулж байгаа төрийн албан хаагчид загнуулж зогсоно. Төрийн шийдвэрээс болж загнуулж зандруулсан албан хаагч ажиллах урам зориггүй, бие сэтгэлээр туйлдаж байгаа нь үнэн.
Ийм алдаатай шийдвэрээр иргэдийг туршсаныхаа дараа нэг дарга нь гарч ирээд, эргэж харна, буцаж болино гэсэн утгагүй тайлбар хийдэг. Энэ удаа ч ялгаагүй Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Зохицуулалт нь доголдолтой байгаа учраас эргэж буцаж харна” гэлээ. Төр нь тоглоом хийж, албан хаагчдаас эхлээд энгийн иргэдийг шоглодог юм уу.
Монголын төрд үнэхээр ажлаа хийх чадваргүй, сэтгэлгүй, зүтгэлгүй хүмүүс ажилладаг юм уу эсвэл шийдвэр гаргадаг хэдхэн хүний тархи нь эргэчихсэн хэрэг үү. Бүтэн жил коронавирусийн халдвартай тэмцэхдээ арга барил, туршлага олоогүй юм гэж үү. Яагаад жилийн дараа ч бид QR кодоос болж, зам дээрээ хэрэлдэж зогсох ёстой юм бэ.
В.Бат