Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө эрх баригч МАН-ыг тараах захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлэхээ олон нийтэд мэдэгдэв. Төрийн ордонд эрх баригч намыг тараах мэдэгдэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штабт гэнэтийн зочин болон очиж, уулзалт хийжээ. Энэ уулзалтын талаар юу яригдсаныг хэвлэлийнхэн ч, олон нийтэд ч мэдээгүй учраас өөр өөрийн таамгыг дэвшүүлж байв. Харин өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн өмнөөс тайлбар хийв. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Б.Ганзориг төрийн тэргүүн Зэвсэгт хүчний удирдах байгууллагад ирснийг баталж, гурван асуудлаар ярилцсаныг товчхон мэдээлэв.
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Б.Ганзориг “Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Төрийн ордонд мэдээлэл хийсний дараа Жанжин штабт ирж, гурван чиглэлээр үүрэг өгсөн. Цэргийн анги байгууллагын үйл ажиллагаа, хариуцлагыг сайжруулах, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцаж, Цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуусан” гэсэн мэдээллийг өглөө. Ерөнхийлөгчийн гэнэтийн уулзалтын цаг хугацаа, ярилцсан сэдэв олны анхаарлыг татаж байна.
Эхлээд Ерөнхийлөгч яагаад МАН-ыг тараах мэдэгдэл хийснийхээ дараа зэвсэгт хүчний байгууллагад очив гэдгийг олон нийт сонирхож байна. Төрийн тэргүүний энэ үйлдлийг олон нийт янз бүрээр харж буй. Нэг хэсэг нь муу эр дайнд хөөрнө гэгчээр Ерөнхийлөгч зэвсэгт хүчнийг ашиглан төрийн эргэлт, хувьсгал хийх нь хэмээн “шуурав”. МоАХ-ныхон жагсаалд бэлтгэж эхэлсэн сураг ч чих дэлсэв.
Анхаарал татсан өөр нэг асуудал нь Ерөнхийлөгч яагаад Цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуув? МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн захирамжид
"Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна” хэмээн дурдсан.
Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч намын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлдэг цэргийн холбоог энэ цаг үед сонирхсон нь тохиолдол биш нь мэдээж. Магадгүй энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн төрийн тэргүүн биш Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдгээ эрх баригчдад сануулж, анхааруулах улс төрийн алхам хийсэн байж болох.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 9-ны өдөр улс орон даяар явагдана. Яг 50 хоногийн дараа монголчууд дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно. Сонгуулийг угтсан улс төр улайсаж, талцал, дайсагнал ид өрнөж байна.
Улс төрийн элдэв талцал, дайсагналд зэвсэгт хүчин оролцож болохгүй. Ямар ч тохиолдолд зэвсэгт хүчин улс төрөөс ангид байх ёстой. Арми улс төрийн аль нэг нам, хүчний талд орж, Монгол төр, ард иргэдийн эсрэг хүч хэрэглэх ёсгүй.
Зэвсэгт хүчний тухай хуулиас
11 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх
11.1.Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дараах тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.төрийн цэргийн номлолыг батлах;
11.1.2.зэвсэгт хүчнийг хэрэглэх ерөнхий болон стратегийн дэлгэн байгуулалтын төлөвлөгөөг батлах;
11.1.3.зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвчийг батлах;
11.1.4.Бүх Цэргийн Их Хар Сүлд, зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолт, дүрмийг батлах;
11.1.5.Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг батлах;
11.1.6.дээд офицерын албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг тогтоох;
11.1.7.цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах;
11.1.8.цэргийн анги, байгууллагыг цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцуулах журмыг тогтоох;
11.1.9.улсад онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хугацаат цэргийн алба хаах хугацааг гурван сараас дээш хугацаагаар сунгах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
11.1.10.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох;
11.1.11.зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг батлах, цэргийг байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах;
11.1.12.улсын хил, онц чухал объектын хамгаалалтад зэвсэгт хүчнээр дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргах;
11.1.13.цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журмыг тогтоох;
11.1.14.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх.
11.1.15.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох.
В.Бат