Улстөрчдийн өмнөө барьдаг сэдвийн нэг нь “Оюутолгой”. Энэ төсөл хэрэгжсэнээс хойш Монголд үр ашгаа өгсөн үү, бид Монголын талын 34 хувьдаа эзэн болж болж чадаж байна уу, гадаадын хөрөнгө оруулагчид яагаад валютын урсгалаар Монголоор дамжуулахгүй байна вэ, татварын маргаанаар манайд нааштай шийдэгдсэн 400 тэрбум ам.доллараа аваад хөрөнгө оруулагчдаа буцаах уу, эсвээс гэрээндээ өөрчлөлт оруулах уу гээд жил ирэх бүр л асуудал нэмэгдэн үргэлжилсээр өнөөдрийг хүрлээ. Энэ бүх асуудлуудын зангилааг “Оюутолгойн төсөл зогсвол Монголын эдийн засаг нурж, орж ирэх валютын урсгал зогсоно” гэсэн эдийн засагчдын тайлбар намжаадаг.
“Оюутолгой” ХХК 2020 онд ил уурхайгаас 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. 2020 онд ил уурхайгаас 149 мянган тонн зэсийн баяжмал, 182 мянган унц алтыг экспортолжээ. Оюутолгой төсөлд нийт 12 мянган хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь монголчууд. “Оюутолгой” ХХК-ийн зүгээс 2018, 2020 онд тус тус гаргасан татварын актуудаар ногдуулсан нийт 1,014,483,858,650 төгрөгийн татварын өрийг улсын төсөвт төлөөд байгаа аж.
Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч энэ хугацаа 22 сараар хойшлоод байгаа. Зардал нь 1 тэрбум 450 сая ам.доллар буюу 30 хувиар өссөн байна. Далд уурхайн нийт зардлыг 6 тэрбум 750 сая ам.доллар болох тооцоо гарч 2022 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Монгол Улсад үр ашигтай байхаар гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрээ үргэлжүүлэх ажлыг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлсээр ирсэн, өнөөдөр ч үргэлжилж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч УИХ дээр мэдээлэл хийлээ, гэхдээ явцын талаар танилцуулснаас, шийдвэрлэгдсэн зүйл байгаагүй, парламент ч шинэ зүйл хүлээгээгүй.
Өнөөдрийн байдлаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог байгуулаад байгаа. Оюутолгой төслийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын шийдвэрлэх үе шат дээр ирээд байгаа бөгөөд хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээг эхлүүлжээ. Ажлын хэсгийн гишүүдийн олонх яриа хэлэлцээг хөрөнгө оруулагч талын төлөөлөлтэй эхлүүлж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэх байр суурийг илэрхийлжээ. Үүнд:
1.Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюу Толгой ХХК нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох.
2.“Оюутолгой” ХХК-ийн татварын хяналт шалгалтын хүрээнд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг нэг мөр төлүүлж, татварын актуудыг хүлээн зөвшөөрүүлэх, татварын актад тусгагдсан асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, аливаа маргаангүй нөхцөлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагыг тавих.
3.Хөрөнгө оруулалтын гэрээ, Дахин тодотгож нэмэлт, өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ зэрэг Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээ, хэлцлийн хэрэгжилтийг дүгнэж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн сайжруулахаар хэлэлцээ хийх.
“Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийхэд нийт 2 их наяд 387 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул 377 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Харин 2016-2018 оны үйл ажиллагаанд 2020 онд татварын хяналт шалгалт хийгээд, нийт 7 их наяд 429.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэн тул 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ. Эхний буюу 2018 оны 377 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан үүсгэж Лондонгийн арбитарт хандсан. Өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилсээр байгаа” гэдгийг Х.Нямбаатар сайд хэлж байгаа бол гишүүн С.Ганбаатар олон улсын шүүхийн шийдвэр гарч, Монгол Улс 400 тэрбум ам.доллар авах боломж бүрдсэн гэсэн эсрэг тайлбарыг хийж байгаа. Тиймээс хөрөнгө оруулагч талд сөрөг нэхэмжлэл гаргаж, боломжоо ашиглах уу, гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлэх үү гэдэгт УИХ чиглэл өгөх хэрэгтэй гэж үзээд байгаа юм билээ. Харин хөрөнгө оруулагч тал Лондонгийн арбитрын маргааныг түр хойшлуулах саналыг өчигдөр Монголын талд тавьсан бол манай талаас хойшлуулахгүй гэдэг хариуг өгчээ.
“Өнөөгийн санхүүгийн загвараараа явах юм бол Монгол Улс 2039 он хүртэл өгөөж хүртэхгүй. Монголын талын 34 хувийг зээлээр авсан анхны 1 тэрбум нь одоогийн байдлаар 2.2 тэрбум болсон. Санхүүгийн бодит зах зээлийн өнөөгийн үнэлгээ 1.6 тэрбум буюу Монголын тал -600 сая ам.долларын алдагдалтайгаар 34 хувиа эзэмшээд явж байгааг ХЗДХ-ийн сайд онцолсон. Харин Сөрөг нэхэмжлэл, хэлэлцээр гэдэг асуудлыг зэрэгцүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргах уу, хэлэлцээрээ үргэлжлүүлэх үү, эсвээс 34 хувиа зарах уу гэсэн хувилбар үргэлжилж байна.
Н.Энхлэн