-Тухайн нийтлэл нь 2021 бичигдсэн бөгөөд өнөөдөр ч сэдэв нь хуучраагүйн дээр Монголын зэвсэгт хүчинд юу ч өөрчлөгдсөнгүй, дахин нэг ээжийн хүү хорвоог орхилоо-
Өвлийн хүйтэнд нялх биетэй эхийг углааш халадтай гадаа гаргасан ХӨСҮТ-ийн эмчээс болж, Ерөнхий сайд огцорч, Засгийн газар тарлаа. Тэгвэл цэргийн ангийн дэслэгч байлдагчаа зодоод алчихлаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабны удирдлагууд огцрох хангалттай шалтгаан үүссэн гэсэн үг. Нэг ээжийг нимгэн хувцастай гадаа гаргаснаас илүү том асуудал үүсч, хүний хүүгийн амь нас эрсэдчихлээ. Тэдэнд суудалдаа шигдэн үлдэх эрх үгүй.
Цэрэгт явсан хүүгийн амь эрсэдсэн тохиолдол анхных биш, байнга давтагддаг. Эрэмдэг зэрэмдэг болгох ч энүүхний асуудал болсон. Эх оронд дуудсан гэж аваачаад зодож тамладаг, яргалдаг, амь насыг нь хөнөөдөг алуурчдын арми бий болоод удлаа. Харамсалтай нь хэн ч энэ байдлыг засахыг хүссэнгүй. Үе үеийн сайд нар нүдэн балай, чихэн дүлий суусаар үеэ өнгөрөөдөг. Хэн ч аавын хүүгийн араас хариуцлага хүлээдэггүй. Хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсдээд байхад тэрийг зөрчил гээд нэрлэчихнэ. Тэгээд зөрчил гаргасан тэр ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлж өөр анги руу шилжүүлдэг. Энэ хариуцлага биш. Салбар хоорондын л сэлгээ. Тэгээд таван жилийн тэтгэмжтэй тэнцэх мөнгө, оршуулгын зардлыг нь өгч гийгүүлдэг. Ээж аавууд оршуулга хийх гэж хүүгээ цэрэгт явуулдаггүй. Хамгийн хариуцлага өндөртэй, хамгийн дэг журамтай гэх зэвсэгт хүчний салбар нь харгислагч, яргачдаар дүүрэн. Юунд итгэж хүүгээ цэрэгт явуулах юм бэ, амьгүй цогцос хүлээн авахын тулд уу?!
Би хүүтэй ээж хүн. Хэдийгээр хүү минь цэрэгт явах болоогүй балчирхан насандаа байгаа ч би аль хэдийнэ хүүгийнхээ өмнөөс цэрэгт явуулахгүй гэсэн шийдвэрийг гаргачихсан. Энэ шийдвэр миний хүүгээ хамгаалах хамгийн зөв арга.
Олон олон ээжийн, аавын зүрх зүсэгдэж байгаа. Тэд хүүгээ цэрэгт явуулахаас айж байна. Өнөөдөр өлгийнд байгаа хүүгээ цэрэгт явуулахгүй гээд шийдчихсэн ээжүүд олон бий. Тэд хайрлан хамгаалж, өсгөсөн үрээ алуурчдын гарт алдахаас айж байгаа. Харин явуулсан нь хүүгээ эрүүл саруул, амьд мэнд эргэж ирээсэй гэж залбирч суугаа. Амьд эргэж ирэх эсэх нь тодорхойгүй дайнд явуулснаас ялгаагүйгээр зовж байгаа. Гэвч тэднийг төрийн сүлд өршөөх эсэх нь эргэлзээтэй. Учир нь тэр цэргийн ангид дарга, офицер, хал цэрэг гэсэн тарчлаагчид бий. Тэд хүнийг элэг доог хийхээс эхлээд үхтэл нь зоддог, тамладаг, тарчлаадаг. Хүний амийг албан тушаал, цол зэргээс дорд үзэгчид цэргийн анги бүрт бий. Бодвол тэд эх орондоо хүний амиар тангараг өргөдөг бололтой.
Ээж аавууд эрүүл саруул цэрэгт явсан хүүгээ хөрсөн цогцос, эрэмдэг зэрэмдэг өвчтөн болсон байх вий гэж айж, зовж байна. Эмчийн үзлэгээр цоо эрүүл нь батлагдаж, цэрэгт явсан нутгийн залуу халагдахдаа “мэдрэлийн өвчтэй хог” болчихсон гэртээ ирсэн. Ээж аавыгаа ч танихгүй. Гэр бүлээ, өөрийгөө ч танихгүй болтлоо өөрчлөгдөж, өвчтэй болж ирсэн цэл залуухан залуу хайчаар өөрийгөө хороох гэж оролдож, эцэст нь цонхоор үсэрч үхсэн. Түүнийг ямар хүү байсныг зөвхөн эцэг эх бус нутгийнхан нь мэднэ. Гэвч тэр цэргээс ирэхдээ амьд үхдэл мэт, эцэст нь жинхэнэ цогцос болсон. Монголын арми түүнийг үхэл рүү түлхсэн.
Аав ээжийн олон олон хүүг ийм хувь тавилан хүлээж байна. Тиймээс ээж аавуудаа хүүгээ цэрэгт бүү явуул. Тэнд таны хүүг ямар орчин, ямар гээчийн харгислал тамлал хүлээж байгааг таах боломжгүй. Та хүүтэйгээ эрүүл саруул, амьд мэнд уулзаж чадахгүй ч байж магадгүй. Монголын арми “эх орон дуудсан” гээд хүүгээ хүлээлгэн өгөх итгэл найдвар алга. Хүний хүүгийн эрүүл мэнд, амь насыг албан тушаал, цол зэргээсээ дорд үзэгсэд, тэрийг нь тоодоггүй сайд дарга нартай зэвсэгт хүчинд хүүгээ даатгах нь дэндүү хайран. Хэн ч түүний амийг төлөхгүй.
Цэргийн зарлан аваад баярладаг гэж үү, үгүй ээ. Ихэнх нь айдаг, зовдог, халширдаг. Мултарч үлдэх арга саам хайдаг. Яагаад гэж үү. Цэрэгт хүүг эр хүн болгох биш тамлаж зовоодог, зодож алдаг учраас.
Монголын армид хүүгээ цэрэг болгон илгээсэн ээж та хүүгээ дайнд явуулснаас ялгаагүй л гэж бод, амьд эргэж ирэхгүй ч байж магад.
В.Бат