Эрүүл мэндийн яам сарын өмнө толгойтой бүхнээс PCR шинжилгээ авч байв. Засгийн газар 10 тэрбумыг төсөвлөж, айл бүрийн хаалга тогшин шинжилгээ авсан. Гэрээсээ гараад ажилдаа явж буй хүмүүсээс PCR-ийн шинжилгээний хариу шаардаж, замын голд зогсоож байсан цаг саяхан. Эмнэлгүүд ч даралт харвасан настнаас, төрөх гээд очсон эмэгтэйгээс PCR шинжилгээ шаардаж, үүдэндээ үхүүлэх шахсан нь өчигдөрхөн. PCR гэх шинжилгээгүй л бол хаалга бүхэн хаалттай байлаа. Гэвч энэ их сүржигнэл, хэдэн тэрбумыг зарлагадаж, өчнөөн эмч сувилагчдыг цаг наргүй ажилуулсан хоморголсон шинжилгээ үр дүнгүй байсныг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ одоо л хүлээн зөвшөөрч байна.
ХӨСҮТ-ийн шинэхэн захирал Л.Баттөр өөрийн твиттер хуудсанаа “Онцын шаардлагагүй тохиолдолд PCR хийлгэхээ болино уу. Нөөцийг үр ашиггүй үрээд байна. Урвалж оношлуур нь байлаа гэхэд хүний нөөц туйлдаж байна” хэмээн бичжээ. Өнөөдрийг хүртэл PCR шинжилгээнд хамаг хүч, хөрөнгөө зарах шаардлагагүй байсныг шинэ дарга хэлэв.
PCR шинжилгээ үнэхээр үр дүнтэй байсан бол
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Орон нутагт гарсан тохиолдлуудын гурав нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн байна. Тиймээс л 72 цагийн PCR шинжилгээнд битгий найдаад бай гэж сануулаад байгаа юм” гэжээ. Өөрөөр хэлбэл PCR шинжилгээ өглөө гээд та халдваргүй гэсэн үг биш. Та PCR шинжилгээ өгөөд гарч байхдаа, эсвэл сөрөг гэсэн шинжилгээний хариу гарсны дараа ч халдвар авах боломжтой. Шинжилгээ өгч байх тухайн мөчид та халдваргүй байж болох ч, бүр сөрөг гэсэн хариу гарлаа ч энэ нь халдвар авахгүй, дархлаажсан гэсэн баталгаа огт биш. Алхам бүрт халдварын голомт отож буй.
Баруун аймгуудаар дамжиж, томилолтоор ажилласан Биеийн тамир, спортын улсын хорооныхон 72 цагийн хугацаатай PCR шинжилгээтэй байсан. Тэдний шинжилгээний хариуны хугацаа дуусаагүй байсан учраас нийслэлээс гаргасан, Өвөрхангай, Баянхонгор аймаг нэвтрүүлсэн. Гэвч тэд Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймагт коронавирус тээгээд очсон, баталгаажсан. Энэ жишээ 72 цагийн хугацаатай PCR шинжилгээнд найдаж болохгүйг хангалттай харуулна.
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ PCR шинжилгээнд хэт анхаарал хандуулж, хүн бүрээс авсан нь иргэдэд буруу ойлголт төрүүлсэн. Иргэд энэ шинжилгээг л өгчихвөл өөрийгөө эрүүлд тооцож, халдвар авахгүй мэтээр назгайрсан. Ямар сайндаа л PCR шинжилгээний сөрөг гэсэн хариугаа өөрийн цахим хуудсанаа байршуулж, эрүүл энх хэмээн туйлширч байхав.
Магадгүй тухайн хүн сөрөг гэсэн хариуг цахим хуудсандаа оруулж байх тэр агшиндаа ч халдвар авсан байх магадлалтай. Тэгэхээр PCR-ийн тухай “март”. Үнэхээр танд халдвар авсан шинж тэмдэг илэрч байгаа бол шинжилгээ хийлгэ. Шинжилгээний хариу гарсны дараах 72 цаг халдваргүй гэх баталгаат хугацаа биш учраас хөдөө орон нутагт очсон хүн бүрийг тусгаарла. Яг л гадаадаас тусгай нислэгээр ирж буй иргэдтэй адил. Эмнэлгүүд үйлчлүүлэгчдээс PCR шинжилгээ шаардах ёсгүй. Тийм журам байхгүй. Энэ бүхнийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлж байна. Тиймээс PCR шинжилгээ өгөх гэж туйлшрах хэрэггүй. Тэр шинжилгээ таны амь нас, эрүүл мэндийн баталгаа болж чадахгүй. Зөвхөн тухайн агшны баталгаа гэдгийг анхаарна уу.
В.Бат