“Суудал өнцөгдсөн” ПАРЛАМЕНТ
2021-03-19

 

Энэ парламент бүрдээд хоёр дахь ээлжит чуулганаа эхлүүлээд байгаа ч суудал өнцөгдсөн хэвээр байна. Анхдугаар чуулганаараа Сэлэнгэ аймгаас сонгогдсон нэг гишүүн баривчлан саатуулагдаж, 75-уулаа тангараг өргөн үйл ажиллагаа эхлүүлсэн.  Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар томилогдохоор УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Тиймээс парламент 74 суудалтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж,  эрх баригч хүчнээс хоёр суудал хоосон ч үнэмлэхүй олонхид энэ нь сөрөг нөлөөлөлгүй явж ирсэн.

 

Өчигдөр Сэлэнгэ аймгийн УИХ-ын 13 дугаар тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр парламент 75 суудалтай боллоо. Ингэхдээ УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол Ерөнхийлөгчийн эсэргүүцэлтэй туллаа.  Учир нь Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааны үеэр баривчлан саатуулсан юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь "Улаан сайр-2"-ын 1462.82 га талбайг 2017 оны 12 дугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, саяхан батлан даалтад гаргаад байгаа. Тэрбээр батлан даалтад гарсантай зэрэгцээд УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцож, тангарагаа өргөлөө. УИХ-ын тухай хуулиар Анхдугаар чуулгандаа оролцож тангарагаа өргөн чадаагүй бол өөрийн оролцсон анхны чуулганы хуралдаандаа тангаргаа өргөх хуулийн заалттай юм. Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулга эсрэг байр суурийг чуулганы хуралдаанд илэрхийлсэн юм. Тэрбээр “Ж.Эрдэнэбатын хувьд залуу наснаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан, хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу? Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент ч ийм байсан. Би өнөөдөр ёс зүй ярьж байна. Ж.Эрдэнэбат төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан залуу хүн байна, тангараг өргөхөө хойшлуулж болохгүй юу? Мэдээллээс үзэхэд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа ашигт малтмалын лицензүүдийг өөртөө хамаарал бүхий компаниудад гарын үсэг зураад авчихсан. 2017 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол олон нийтэд ил болсон. Энэ байж болохгүй асуудал учраас хэрэг үүсгэж, тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоогийн байдлаар энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна гэж би ойлгож байна" гэдгийг онцолсон юм. Харин Ерөнхийлөгчийн байр суурьт УИХ-ын дарга Г.Занданшатар  “Ерөнхий  Монгол Улсын төрийн эрх барьдаг дээд байгуулага - Улсын Их Хурлыг сонгон бүрдүүлдэг Улсын Их Хурлын сонгуулийн үеэр гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьж, шүүхээс ял оноосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн” гэдэг тайлбар хийсэн.

 

Магадгүй, байнгын үйл ажиллагаатай парламенттай болсон 30 жилийн хугацаанд УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч биечлэн оролцож, эсэргүүцэл илэрхийлсэн анхны тохиолдолд биз.

 

Цаашлаад Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сард товлоод байна.  Нөхөн сонгуульд үнэмлэхүй олонх МАН оролцох шаардлагагүй, бусад улс төрийн хүчиндээ боломж олгох хэрэгтэй гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат популзим хийж байна лээ.

 

Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тохирооноос нөхөн  сонгуулийн үр дүн харагдана гэж ажиглагчид үзэж байгаа. Учир нь эрх баригч хүчин МАН-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаяртай зөвшилцөл хийж байгаа. Н.Энхбаярын улс төрийн мэхийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Харин энэ удаад нөхөн сонгуулиар МАХН нэг суудал авах, Н.Энхбаяр ҮХЦ-д дэвших эсэх нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тохироогоор шийдвэрлэгдэнэ гэж таамаглаж буй.

 

Үнэмлэхүй олонхи эрх баригч хүчний бус энэ парламентын суудал өнцөгдсөн нь “Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байгаа.” гэсэн Төрийн тэргүүний үг тодотгож байна.   

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Юун үндсэн хуулийн цэцэд нэр дэвших вэ, Ял авч байсан хүн цэцэд орно гэж юу байдаг юм бэ,
2021-03-27
zochin:
Н.Энхбаяр гуай төр үймүүлж яах гээд байгаа юмдаа, улс төрийн карьер дууссан байгаа шүүдээ, тэтгэвэрт суугаад амар амгалан үлдсэн амьдралаа үргэлжлүүлж амьдармаар юм даа.
2021-03-19