АН-ын даргыг тодруулан сунгаа энэ өдрүүдэд үргэлжилж байна. АН-ын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын дөрвөн хүн нэр дэвшин, өрсөлдөж байна.
АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Цуг шинэчилнэ” уриатайгаар “Төв нам болоод дарга тойрсон эрх мэдэл, төвлөрлийг бууруулж, дунд анхан шатыг чадавхижуулахаас ажил эхлэнэ. Үүнийг дагаад санхүүгийн өндөр босго, том дэнчин, татвар буурна. Том аппарат, нүсэр үйл ажиллагаагаар биш цомхон баг, дижитал уян хатан үйл ажиллагаагаар, хоосон популизм, сүржин мэдэгдлээр биш судалгаатай тооцоолол, чадварлаг залуусаараа цаашид өрсөлдөнө” гэсэн зорилт дэвшүүлээд байна.
АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд “"Эв нэгдэл- Сөрөг хүчин- Ялагч 24" уриан дор “Нэгдмэл, тогтвортой бодлого, зохион байгуулалттай, нутагшуулах чадамж бүхий, хамтын удирдлага, институт буюу хүчирхэг, манлайлах чадамж бүхий Ардчилсан нам зорилт дэвшүүлэн 2024 ялалтын хөтөлбөртэйгээр АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа юм.
МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин улс төрийн шинэ эрин үеийг уриалан намаа манлайлж, хамтдаа ялалтаас ялалтад буухиалах "Ардчиллын 5 ялалт, Ард түмний 5 ялалт" хөтөлбөр дэвшүүлжээ.
Харин нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа "Зогсолтгүй урагшилж, Тогтвортой хөгжье" уриатай эвлэрэл, эрх чөлөө, эв нэгдлийн жишиг нам болгох мөрийн хөтөлбөр боловсруулжээ.
АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн сурталчилгаа ийнхүү үргэлжилж байгаа юм. “Ардчилсан намын дотоодод үүсээд байгаа үл ойлголцлыг нэг тийш шийдвэрлэх гарц нь удахгүй болох намын даргын сонгуулийг хагарал талцалгүйгээр хамтдаа зохион байгуулж, гишүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн нэг даргатай болох явдал юм” гээд АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүдтэй уулзах үеэрээ онцолж дурдсан байна лээ. Энэ бол өнөөдрийн нөхцөл байдлаа дүгнэсэн үнэн үг. Харин хэлэх нэг хэрэг, хийх өөр асуудал.
Өнөөдөр АН-ын хагарал үргэлжилж, “албан ёс”-оор АН-ын даргаар С.Эрдэнэ, даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ц.Туваан нар хоёр талцаад байгаа. АН-ын дарга С.Эрдэнэ хуулийн дагуу ажлаа үргэлжлүүлж байгаагаа мэдэгдэж байгаа бол Ц.Туваан нарын хэсэг эргэн ирсэн экс даргыгаа хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийг хүрсэн. Ямартай ч АН-ын даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд дотооддоо хоёр талаасаа зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, ойлголцолд хүрэхээ мэдэгдээд байгаа. Үүсээд байгаа үл ойлголцол, эмх замбараагүй нөхцөл байдал шинэ дарга сонгогдсоноор цэг тавигдвал АН шинэчлэлд орохын эхлэл гэж олон нийт харж байгаа. Түүнээс бус дарга сонгогдсон ч хагарал, хуваагдлаа үргэлжлүүлвэл АН-ын тамга нэгнээс нөгөөд шилжилж, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүйтэй агаар нэгэн болно. Ер нь ардчилалтай, эрх чөлөөтэй, асуудлаа ил тод хэлэлцдэг гэх АН-д сахилга бат, эмх цэгц, дүрмээ мөрдөх, удирдлага нь гишүүдээ, гишүүд нь удирдлагаа хүндэтгэх зэрэг асуудал дутагдаж, үнэ зүйлээ үгүйсгэдгээс асуудал нь тогооноосоо хальж, салхинд хийсдэг.
Шинэээр сонгогдох дарга намын аппаратаа бүрдүүлж, намын дотоод асуудлаа нэгтгэж, АН-ын үнэ цэнийг эргүүлэх авчрах нь удирдагч хүний нэн тэргүүний үүрэг. Түүнээс бус өнөөдрийн түвшин АН Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэхээсээ иргэний хөдөлгөөний эрээвэр хураавар хэсэг шиг гудамжинд гараад байгаа. АН-ын үнэ цэнийг алдагдуулж, хагаралд хүргэсэн гол хүч нь жирийн гишүүд бус эрх мэдэлд булаацалдсан олон фракц, бүлэглэл. "Манай нам ардчилал, ил тод. Намын удирдлагуудын үйл ажиллагааг бид хөндлөнгөөс хянана" гэсэн жижүүрийн үг дэвсэж, эрх ашгийнхаа төлөө бусдыгаа талцуулдаг фракц бүлэглэлийн санаархал өнөөдрийн АН-ыг ийн эмгэнэлд хүргэсэн. Тиймээс нам дахь фракц бүлэглэлүүдийг тарааж, шинээр сонгогдсон даргадаа итгэл үзүүлэхээс өөрчлөлт эхлэх юм.
Н.Энхлэн
Уншиж байна |