Л.Энх-Амгалан сайд аа, тойрогт чинь хууль бус тендерийн чанаргүй барилга баригдах нь
Улсын төсвийн хөрөнгийг хэрхэн салхинд хийсгэдэгийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын спорт заалны барилга харуулав. 2012 онд эхэлж, зургаан жилийн хугацаанд баригдан 2018 онд ашиглалтад орсон гэх тус барилгын хана ганц шуурганы ая даахгүй нураад унасныг та харж байна. Арчаатай айл малын хашаагаа ч ингэж барихгүй.
Улсын төсвийн хэдэн сая төгрөгийг ингэж салхинд хийсгэсэн компани бол "Уул Өвгөд" ХХК. Хөвсгөл аймагт барилга угсралтын чиглэлээр ажиллагаа явуулдаг тус компани 2016 онд байгуулагджээ. Чулуунбаатар, Б.Цогзолмаа гэх гэр бүлийн хоёрын үүсгэн байгуулсан тус компани Хөвсгөлд аймагт зарлагддаг тендерүүдэд том оролцоотой. Өөрөөр хэлбэл томоохон мөнгөний сонгон шалгаруулалт бүрт "Уул Өвгөд" ХХК-ийн нэр явж байдгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим сангаас бэлээхэн харж болно. Мэдээж тендер компаниудад нээлттэй ч хуулийн шаардлага, үнэлгээний хорооны шалгуурыг давж байж, төрийн мөнгөний ажлыг гүйцэтгэх эрхийг авах ёстой. Харин "Уул Өвгөд" гэх энэ компанид төрийн хууль, төрийн албан хаагчдын шаардлага шалгуур үйлчилдэггүй. Тэгвэл “Уул Өвгөд” ХХК тендерийг хэрхэн авдаг вэ? Ганцхан жишээ.
"Уул Өвгөд" ХХК одоо Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 320 хүүхдийн суудалтай сургууль, спорт заалны барилгыг барьж буй. Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ ажлын сонгон шалгаруулалт өнгөрсөн 2020 оны хавар явагдаж, "Уул Өвгөд" ХХК “ялж”, 200 орчим сая төгрөгийн газар шорооны ажлыг хийж гүйцэтгээд байгаа. Гэхдээ хуулийн шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын босгыг давж энэ ажлыг авсан уу гэвэл ҮГҮЙ.
Их-Уул сумын сургуулийн барилгыг барих сонгон шалгаруулалтад Хөвсгөл аймгийн хэд хэдэн компани материалаа ирүүлжээ. Энд өнөөх "Уул Өвгөд" ХХК ч байсан бөгөөд худалдан авах ажиллагааны шалгууруудыг хангаагүй учраас тендерийн үнэлгээний хороо дөрвөн үндэслэлээр тус компаниас татгалзжээ. Өндөр дүнтэй томоохон ажил учраас гүйцэтгэгчийн ажлын туршлагыг чухалчлах ёстой. Гэтэл "Уул Өвгөд" ХХК-д томоохон ажил хийж гүйцэтгэсэн туршлага байсангүй. Компанийн хүчин чадал, нөөц бололцоо нь ч төрийн 3.2 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэх чадамжгүй байсан учраас тодорхой дөрвөн үндэслэлээр үнэлгээний хороо тус компанийг тэнцүүлээгүй байна. Харин уг сургуулийн бүтээн байгуулалтыг өөр компани хийж гүйцэтгэхээр сонгон шалгараад байв.
Гэтэл "Уул Өвгөд" ХХК-ийн захирал Б.Цогзолмаа Улаанбаатар хотод ирж, Боловсрол шинжлэх ухаан спортын яам, Сангийн яамаар гүйж, дээрээс нь бярдуулаад өнөөх тендерийг авчээ. Бүр нэгэн яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан тоот аймагтаа авчирч, хууль бусаар тендер авч болдгийг аймгийнхандаа харуулжээ. Аль хэдийнэ гүйцэтгэгч нь шалгарсан байсан тендерийг Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй бичгээр булааж авсан гэсэн үг. Гүйцэтгэгчээ хэдийнэ сонгон шалгаруулсан байсан аймгийн Худалдан авах ажиллагааны газар яаж ч чадаагүй гэнэ. Учир нь эсэргүүцвэл сургуулийн барилгын ажлын санхүүжилтийг буцаан татах эрсдэлтэй учраас Их-Уул сумын сургууль, спорт заалны ажлыг "Уул Өвгөд" ХХК-д чимээгүй өгчээ.
Хөвсгөл аймаг мөнх цэвдэгтэй учраас олон жилийн туршлагатай, техник хүн хүчний хүчин чадалтай компани чанартай барилга барих ёстой. Суулт өгөх, ус нэвчихээс эхлээд асуудал мундахгүй олон. Гэвч газар нутгийн нөхцөл байдал, хуулийн шаардлага, төрийн албан хаагчдын шалгуур "Уул Өвгөд" ХХК-ийн захирал Б.Цогзолмаад үйлчилдэггүйг дээрх нурсан барилга, булааж авсан тендерийн баримт харууллаа.
Чандмань-Өндөр суманд урт удаан хугацаанд барьсан спорт заалны барилга гуравхан жилийн дотор шуурганд нурж, тус компанийг улсын хөрөнгийг хэрхэн шамшигдуулж, чанаргүй ажил хийдгийг хангалттай харууллаа. Энэ хулхи ажиллагаа Их-Уул сумын сургуулийн барилгад дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Л.Энх-Амгалан энэ асуудлыг анхааралтай авч, зүй ёсны шаардлагыг тавих биз ээ. Боловсролын салбарын асуудал төдийгүй түүний тойргийн ажил гэдгийг хэлэх нь илүүц байх.
Үйл ажиллагаа явуулж буй аймаг орон нутагтаа захирагддаггүй, хууль бусаар дээгүүр жаалдаг, татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий салхинд хийсгэдэг, төрийн ажлыг чанаргүй халтуурддаг "Уул Өвгөд" мэтийн компаниудад хариуцлага тооцох нь зүй ёсны асуудал. Наанадаж л тендерийн хар жагсаалтад оруулж, дахин төр түмний нүд хуурах эрхгүй болгох хэрэгтэй. Хариуцлага тооцдог төртэй, хуультай улс гэдгийг харуулах нь дараа дараагийн халтуурчдад сануулга болох биз ээ.
В.Батцэцэг