“Шүүхээс гэм буруутанд ял оноож чаддаг. Бас алдаагаа засах боломж олгоод засч чадвал уучилж ч чаддаг юм байна”.
Хугацааны өмнө суллагдаад сургалт, хүмүүжлийн байгууллагын үүдэнд хэдийн ирчихсэн хүлээж байгаа аавдаа, ээждээ үнсүүлнэ гэхээс харцанд нь баяр, жаргал дүүрэн гэрэлтсэн хөвгүүдийг хараад ийн бодол зурсхийв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ШШГЕГ-ын харъяа Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж буй өсвөр насны хүнийг хугацааны өмнө суллах тухай, эдлээгүй үлдсэн ялыг насанд хүрэгчдийн хорих байгууллагад шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг хийлээ.
Эрх чөлөөгөө хасуулж энд ирсэн хүүхдүүд ихэнх нь хулгай, дээрэм, хүчингийн хэрэгтэй гэнэ. Зарим нь дэлгүүрт нууцаар орж бохь, бэлэн гоймон, шоколад, чихэр хулгайлаад гарсан байхад өөр нэг нь танил ахынхаа эзгүйд охинтой нь бэлгийн харьцаанд ороод буруутан болсон ч байх юм. Бүр цаашлаад томчуудтай нийлж таксины жолоочийг айлган сүрдүүүлж автомашиныг нь дээрэмдээд, дараа нь жолооч эмэгтэйг хүчирхийлж тохуурхан доромжилсон нь ч байна. Энэ мэтчилэн үйлдсэн гэмт хэргүүд нь өөр өөр ч адилхан нэг зүйл байгаа нь эцэг, эхийн хараа хяналт сул. “Ээжийгээ мэдэхгүй, аав өөд болсон, эмээтэйгээ амьдардаг”. “Аав ээж намайг PC тоглодгийг мэдэхгүй”. “Хойд эцэгтэйгээ таардаггүй болохоор гадуур тэнэдэг байсан” гэх тайлбарыг олонтаа хэлж зогсоно.
Долоодугаар ангийн сурагч, 14 настай хүү бусадтай нийлж хүүхдээ тэжээхээр өдөртөө айлд үйлчлэгч хийж, орой харих замдаа таксинд явдаг ээж шигээ эмэгтэйг зодож, дээрэмдэж, дараа нь хүчинджээ. Сонсоход жихүүдэс төрөм хэрцгий хэрэг хийх сэдэл санаа 14-хөн настай хүүгийн толгойд бууж байна гэхээс эрхгүй агдарч, шогшроход хүргэв. Шүүхээс түүнийг 1 жил 6 сарын эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө суллах шийдвэр гаргав. Яагаад?
Тэр хоригдох хугацаандаа зан байдлаараа засарч, хүмүүжиж нийгэмд гарахад аюулгүй болсон гэж сургалт, хүмүүжлийн төвийн ажилтан тодорхойлов. Мөн хоригдох хугацаандаа Улсын хэмжээнд зарласан гар зургийн уралдаанд оролцсон, сагсны тэмцээнд манлайлсан зэргээр хамгийн олон шагналын хоног авч чаджээ. Мөн тэр хэд хэдэн гэмт хэрэг хийсэн ч бүгд нэг удаагийн үйлдлийн болчимгүй алдаа. Өмнө нь ял эдэлж байгаагүй. Тиймээс Төрийн нэрийн өмнөөс шүүх “Зөв амьдраарай” гээд нэг удаа боломж олгосон нь энэ.
“Хүний автомашиныг нь дээрэмдээд, дараа нь хүчинддэг чамд нинжин сэтгэл, ичих булчирхай байна уу" гэж шүүгч зэмлэв. Хариуд нь “Миний буруу. Би маш их гэмшиж байгаа. Ээж, аав хоёр дүүгээсээ хол байх хугацаандаа маш их зүйл ойлгосон. Цаашид ээж, ааваасаа холдохгүй гар зургаараа хичээллэн, дэвшин суралцаад зөв амьдарна” гэж өөртөө бас шүүхэд амлав.
Энэ хүү хойд эцэгтэйгээ харилцаа муутай байсан болохоор том хүмүүстэй, том сэтгэж гадуур тэнэсэн тухай үг цухуйлгаад амжлаа. Гэвч нөгөө талд түүний хойд гээд байгаа эцэг бүх хохирлыг төлөөд үргэлж эргэлтээр ирж уулздаг байсныг сургалт, хүмүүжлийн төвийн ажилтан хэлэв. “Төрсөн үрээ хаяад явчихдаг эцэг эх байхад энэ хүн чиний төлөө, чиний хийсэн хэргийн чинь хохирлыг төлөхийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж байна. Чиний төлөөө санаа тавьдгийг нь чи ойлгосон уу” гэж шүүгч асуусанд “Тийм ээ, би энд байх хугацаандаа аавтайгаа илүү дотно болсон” гэв.
Ингээд түүнд оноосон хорих ялаас үлдсэн 1 жил 6 сар 26 хоногийн ялыг “өршөөж” хугацаанаас өмнө суллаж шийдвэрлэв. Гэхдээ “Дахиад буруу зүйл хийвэл энэ үлдсэн хорих ялыг дахин биечлэн эдлүүлнэ гэдгийг битгий мартаарай. Зөв амьдраарай гээд төрөөс олгож байгаа ганц боломжийг алдаж болохгүй” гэдгийг шүүгч санууллаа.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй өсвөр насны хүүхэд 18 нас хүрэхэд эдлээгүй үлдсэн ялын хэмжээ 2 жилээс их тохиолдолд насанд хүрэгчдийн хорих ангид шилжүүлэх журамтай аж. Гэхдээ алх атгасан хар хувцастан ч зүрх сэтгэлтэй, үр хүүхэдтэй ээж эсвэл аав учраас аль болох насанд хүрэгчдийн хориход шилжүүлэхгүйг, томчуудаас муу зүйл сураад засрахгүй дордох вий гэж болгоомжилдог юм байна.
Хүчиндэх гэмт хэрэг үйлдэж 6 жилийн хорих ял сонсож эрх чөлөөгөө хасуулсан хүү 18 нас хүрчээ. Түүний эдлээгүй үлдсэн ял 2 жилээс их тул хуулийн дагуу насанд хүрэгчдийн хорих ангид шилжүүлж шийдвэрлэв. Тэрээр есдүгээр ангид суралцаж байхдаа зуны амралтаараа ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн ч хүчиндэх гэмт хэрэг үйлдэж эрх чөлөөгөө хасуулжээ. Сургалт хүмүүжлийн байгууллагад байх хугацаандаа зөрчил гаргалгүй 11 дүгээр ангид амжилттай элсэн суралцсан байна. Одоо харин түүнийг ямар ах нар, ямар орчин угтах бол гэдгийг төсөөлөхөд явуулмааргүй л санагдав.
Дараагийн хүүхэд мөн л 18 нас хүрчээ. Тэр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийн улмаас “Монгол Улсын нэрийн өмнөөс” дөрвөн удаа уншуулжээ. “Аав минь нас барсан. Ээжийг хаана явдгийг сайн мэдэхгүй. Нэг ч удаа холбоо бариагүй” хэмээх энэ хүү хоёр настайгаасаа л эмээтэйгээ аж төржээ. Тэрбээр 2019 онд хоёр жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд эдлээгүй үлдсэн ялын хугацаа 7 сар 19 хоног. Өнөөдөр ангийн гаргасан хүсэлт, прокурорын дүгнэлтээр түүний эдлээгүй үлдсэн ялыг Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжүүлэн эдлүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
“Эмээгийн чинь тэтгэвэр та хоёрт хүрэлцдэггүй байсан уу? Яагаад хулгай хийгээд насанд ч хүрээгүй хэр нь дөрвөн удаа ял шийтгүүлж байна вэ? Хохирогч хохирлоосоо татгалзсан байна. Энэ хүн баяндаа биш арга ядсандаа татгалзсан” гэж шүүгч ширүүлэхэд “Миний буруу. Би маш их гэмшдэг” гэж хариулав.
Өөр нэг 2002 онд төрсөн, 18 настай хүүг хугацаанаас өмнө суллах асуудлыг хэлэлцлээ. Тэр 2018 онд бусадтай бүлэглэн дэлгүүрт хууль бусаар нэвтэрчээ. Тэндээс авсан зүйл нь бохь, кофе, бэлэн гоймон, шоколад. Мөн 2019 онд ТҮЦ-д нэвтэрч дөрвөн ширхэг унадаг дугуй, зогсоолоос автомашин, дэлгүүрээс нөүтбүүк хулгайлжээ. Түүний энэ гэмт хэрэгт шүүхээс 2020 онд 2 жилийн хорих ял оногдуулсан байна. Биеэр эдэлсэн ял 1 жил 4 сар, үлдсэн ялын хэмжээ 8 сар.
“Найзуудтайгаа нийлж PC тоглоом их тоглодог байсан. Хулгай, дээрэм хийж олсон эд материалаа зараад мөнгөө хувааж авдаг байсан. Аав, ээж хоёр намайг PC тоглодгийг мэддэггүй байсан. Батлан даалтад байх хугацаандаа гуанзанд тогоочийн туслах ажил хйиж мөнгөөрөө хохирлыг барагдуулсан. Тухайн үед хойд аавтайгаа таарамжгүй харилцаатай байсан. Байсан, байсан байсан....”. Энэ хүүгийн үгнээс буруудхад шалтгаан мундахгүйг ойлгож болмоор.
“Эрх чөлөөгөө хасуулаад юу ойлгов” гэсэн шүүгчийн асуултад “Эрх чөлөөгөө хасуулах муухай байна. Аавтайгаа сайн харилцаатай болсон. Эндээс гараад үргэлжлүүлэн сураад мэргэжил эзэмшээд сайхан амьдарна” гэв. Энэ үгнээс нь харин сонгож чадвал зөв амьдрах зам үргэлж байдгийг харж болмоор.
***
“Хамгийн түрүүнд ээж, ааваасаа уучлалт гуймаар байна. Бас, бас хохирогч эгчээс чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна” гэж түгдэрсхийж хэлсэн хүүгийн үг зориг муутай ч чин сэтгэлийн гэмшил мэдрэгдэв. Өөр нэгэн нүдний шилтэй, харваас гэнэхэн харцтай хүү “Суллагдаж байгаагаа аав, ээждээ хэлээгүй. Гэнэтхэн ороод гэнэтийн бэлэг барина. Одоо би дахиж хэзээ ч аав, ээжийнхээ дэргэдээс холдохгүй” гэх нь мөн л хиргүй тунгалаг.
Хэн ч тэднийг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд гэж танихгүй. Нүүрэндээ насны онцлогоос өөр сорвигүй шовхийсон өсвөр насны хөвгүүд. Нийгэм ч бас тэднийг яг над шиг л “танихгүй” байгаасай. Үүний төлөө л шүүхээс хөвгүүдэд зөв амьдрах боломж олгож буй юм.
Г.СҮРЭН
Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.