Монгол Улсад "Ковид-19" цар тахал дотоодод тархсантай холбогдуулан Улсын хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Энэ шийдвэр дэлхий дахинд хэдэнтээ судлаад хорих, цагдах арга, аргачлал үеэ өнгөрөөсөн болохыг харуулсан.
Тухайлбал нэг талд торгууль шийтгэлээс айлгүй худалдан борлуулах зориг зүрх, амьдралын, бизнесийн хэрэгцээ шаардлага байсан бол нөгөө талд хөл зогссон ч хүсэл нь хоригдоогүй худалдан авагчид хууль бусаар авч, өгөлцсөөр байлаа. Хааж боосноор архидалт, халдвар ч буураагүй. Харин ч иргэдийн сэтгэл санаа, тархи ухамсарт сөрөг нөлөөлсөн ч байж болзошгүй.
Коронавирус дэлхий нийтийг хамарч хөл хорьж, халдвараас сэргийлэх арга хэмжээг олон улс хэрэгжүүлсэн. Харин архи, согтууруулах ундаа худалдахыг сар, жилээр хязгаарласан улс дэлхийд цөөн. Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 70 саяыг хол давж, өвчлөлийн тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, Орос, Франц улс тэргүүлж байна. Хэдийгээр халдварын тоогоор Орос улс дэлхийд эхний тавд орж, коронавирусийн халдварын тохиолдол хоногт 28 мянга гаруйгаар нэмэгдэж байсан ч шинэ жилийн баяраар согтууруулах ундаа хязгаарлахгүй гэж хотын дарга Сергей Собянин мэдэгдэж байв. Хуурай хууль нэвтрүүлэх ямар ч утгагүй гэж Собянин онцлоод "Дэлхий дахинд хуурай хууль тогтоож байсан туршлага арвин бий, гэхдээ энэ бүхэн нь архидалтыг улам дэврээж байсан түүхтэй" хэмээн мэдэгджээ.
Ингэж хойд хөрш ОХУ-д “хуурай хууль сайн юм авчирдаггүй” хэмээн үзэж баяраар, бусад үед ч согтууруулах ундааг хориглолгүй хэрэглээний бас худалдааны эрх чөлөөг хэвээр үлдээсэн. Манай улс ч энэ удаад “хуурай хууль”-иас татгалзаж, иргэдийн ухамсарт найдан согтууруулах ундааг хэрэглэх, худалдахыг хориглосонгүй.
Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 11-нээс 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд дахин хөл хорио тогтоох шийдвэрийг Улсын Онцгой Комиссоос гаргаад байна. Хөл хорионы үед архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай шийдвэр гаргаагүй. Харин Шадар сайд С.Амарсайхан ахуйн хүрээнд архидаж болохгүй гэдгийг анхааруулсан юм.
Заавал согтож бас шогтох шалтаг, шалтгаангүйгээр согтууруулах ундааг зөв зохистой, соёлтой хэрэглэхэд буруу байхгүй. Архины зохистой хэрэглээ буюу стандарт уулт \standart drinks\ гэдэг ухагдахуун байдаг. Үүнийг анагаах ухааны доктор:
-Насанд хүрсэн хүний эрүүл элэг цагт 12 гр этилийн спиртийг задлан хоргүйжүүлж, энэ нь 10 цагийн дараа биеэс бүрэн гадагшилдаг. Үүнийг стандарт уулт гэж нэрлэж байгаа юм.
Стандарт уултаар хэрэглэхэд архи нь хүний бие организмд ямар нэг хор нөлөөгүйгээр задарч гадагшилдаг. Үүнийг архи, пивонд шилжүүлбэл, нэг стандарт уулт нь 38 хувийн алкохол агуулсан 44 мл архи, эсвэл 12 хувийн хатуулагтай 150 мл дарс эсвэл 5.6 хувийн алкохол агуулсан 350 мл пивотой тэнцдэг. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний архийг хүний бие хүлээж авч, хор нөлөө учруулалгүйгээр бүрэн задлан гадагшлуулж байна гэсэн үг. Эрүүл хүн хоногт хоёр нэгж стандарт уултаас эсвэл нэг удаад гурван нэгж стандарт уултаас хэтрүүлж болохгүй. Энэ хэмжээнээс давсан тохиолдолд бие организмыг гэмтээж эхэлдэг” гэж тайлбарласан.
Шинжлэх ухаанч сэтгэлгээ хөгжин цэцэглэсэн энэ зуунд хүний зан төлөвийн эдийн засгийг бүрэн зургаар нь илэрхийлсэн академик салбар үсрэнгүй хөгжиж байна. Тиймээс шийдвэр гаргахдаа, цагдаж хорихдоо ч шинжлэх ухаанч хандах нь үр дүнтэй. Харин иргэд согтууруулах ундаанаас аль болох татгалзаж, хэрэглэх бол согтохгүй бас шогтохгүй болж өгвөл шартахгүй байх нь чухал.
Б.Итгэл
Уншиж байна |