Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжил, хатуу хөл хорио тогтоосоор байгаа. Энэ хугацаа ирэх даваа гаригт дуусгавар болох хэдий ч коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, тэр дундаа "эх үүсвэр нь тодорхойгүй халдварлаж байна, иргэдийн дунд халдвартай иргэн зорчиж байгаа" талаар сэрэмжлүүлгийг УОК-оос өгсөн.
Иргэдээ гадуур гарахдаа амны хаалтаа зүүж, бээлийгээ өмсөж, эрүүл мэндээ хамгаалах хувийн бэлтгэлээ ЭМЯ-ны зөвлөсний дагуу мөрдөж, хичээж байгаа хэдий ч халдвар хаяанд байгааг сайтар ухаарцгаасан. Үүний нэг илрэл нь өчигдрийн "Тэг зогсолт хийх" сургаар олон нийт юун түрүүн хүнсээ базаахаар хувь хувьдаа шамдлаа.
ЭМЯ-наас "тэг зогсолт хийх" талаар санал оруулаагүй, энэ нь Гамшгаас хамгаалах хуулиар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг чангаруулах арга хэмжээг хэрэгжүүлснээр зохицуулагдана гэж албаны хүмүүс тайлбар хийсэн. Гэсэнх хэдий ч албаны хүмүүсийн тайлбар олны эргэлзээг тайлсангүй.
Уг нь ЭМЯ-наас айдсыг даван туулах, стресстэхгүй байхыг анхааруулж байгаа ч өнөөдөр олон нийт бухимдал, стресс нэлдээ автсаныг дээрх таамаглал харуулж байна.
Харин Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Тэг зогсолт хийхгүй. Баталгаагүй ам дамжсан яриаг мэдээ болгож бусдад түгээж, хий хомсдол үүсгэхгүй байхыг хүсье ээ. Өнөөдрийн мөрдөж буй Гамшгаас хамгаалах хуулийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл нь онц байдал зарлахын өмнөх хатуу зэрэглэл. Засгийн газар болон УОК-оос шаардлагатай 15 салбарыг л ажиллуулж буй. Хүнс, түлш, ус, үйлдвэрлэлийн, эмнэлгийн үйлчилгээ тасалдахгүй байх ёстой. Та халдвар хамгааллын дэглэм барьж байгаа ч өөр хэн нэгэн гэртээ байж чадвал тэг зогсолттой адил үр дүн гарна.Давхардаагүй тоогоор 1,2 сая орчим хүнд шинжилгээ хийгээд байна" гэсэн шууд тайлбар олны эргэлзээг тайлж байна.
УОК-оос 2021 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэл хөл хорио сунгаснаар халдварын тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тус бүр 100, халдвар нууц үедээ байх хүний тоо 100-200 орчмоор буурах магадлалтай гэж үзсэн байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан бол 02 дугаар сарын 11 буюу сар шинийн баярын үеэр халдвар 3500 гаруй, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1200 гаруй, халдварын нууц үедээ байх хүний тоо 1,000 хүрэх төлөвтэй байсан гэсэн тооцоолол гарчээ.
Улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 509,170, PCR аппаратаар 661,200, нийт 1.170,370 хүнд шинжилгээ хийгээд байна. 415,397 хүн нийслэл хотод шинжилгээнд хамрагдаад байгаа.
Өнөөдөр олон нийтэд "манай салбар ийм санал гаргаагүй, энэ асуудлыг хэлэлцээгүй, энэ тухай хэлэлцсэн ч шийдвэр гаргаагүй, зүгээр л санал оруулсан" гэх өөрөөсөө булзааруулсан хариулт бус тодорхой тайлбар шаардлагатайг "Тэг зогсолт"-ын шуугиан харууллаа.
Н.Нягт