2020: ШУУД ОНЦЛОВ
2020-12-31

 

SHUUD.MN  сайт2020 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна. Улиран одож  буй 2020 онд монголчууд бид шинэ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, ээлжит сонгуулиа хийж, шинэ парламентыг бүрдүүлж, дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын халдварын улмаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хилээ  хааж, төр засгаас эдийн засгийн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллалаа.  

 

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулав

 

Өмнөх парламентын баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хуульд заасны дагуу тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэллээ. Эцэг хуульд 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг бэхжүүлэх, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийг нэг удаад 6 жилээр сонгох зэрэг төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцэл бий болох суурийг тавилаа.

 

 

МАН ялалтаа бататгаж, АН-ын ялагдал бутралаар үргэлжилж байна

 

Ээлжит сонгуулийн энэ жил шинэ парламент бүрдүүлж, шинэ Засгийн газар байгуулагдсанаар хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байна. УИХ-ын ээлжит сонгууулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, өмнөх ялалтаа бататгасан бол сөрөг хүчин АН-ын хагарал бутралаар үргэлжилж байна. МАН орон нутгийн сонгуульд ч ялалт байгуулж, ирэх дөрвөн жил улс орныг удирдах итгэлийг сонгогчдоос авлаа. Харин АН УИХ-ын сонгуулийн ялагдлаа орон нутгийн сонгуулиар давтаж, дотоод хагарал нь дээд цэгтээ тулж, бутралд хүрч байгаа өнөөдрийн “намын тамга”-ны маргаан тодотгож байна.

 

Халдварт тахал, хаалттай хил

Дэлхий нийтийг түгшээж, олон хүн амиа алдаж байгаа  Сovid-19 цар тахлын халдвар манай улсад бүртгэгдлээ. Тиймээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар төр, засаг идэвхийлэн ажиллаж байна. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилээ хааж, нийслэлд хатуу хөл хорио тогтоож, тахлын халдварын голомтыг хумхиар албаныхан өдөр шөнөгүй зүтгэж байна. Монгол Улс хилээ хааж, цаашид ирэх гуравдугаар сарын 31-ныг хүртэл хилээр иргэдийг зорчуулахгүй гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.

 

 

Засгийн газар эдийн засгийг дэмжих тусгай хөтөлбөр хэрэгжүүлэв

Эдийн засаг дахь цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газар анхаарч 6 их наяд төгрөгийн өртөг бүхий хөтөлбөрийг эхний э ээлжинд хэрэгжүүлсэн. Ингэснээр хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн мөнгийг хагас жилийн хугацаанд тэглэх, үйл ажиллагаа нь зогссон ААН-үүдийн ажилчдад 200 мянган төгрөгийн тэтгэмж олгох, Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох зэрэг шийдвэрүүдийг гаргасан юм. Энэхүү шийдвэрийн дүнд 567 мянган хүн, 38.4 мянган ажил олгогч НДШ-ээс чөлөөлөгдөж, 7,200 ААН-ийн 80.5 мянган хүн 200 мянган төгрөгийг гурван сар авсан бол хүнсний талон, халамж зэргийг хоёр дахин нэмэгдүүлж олгов. Мөн ипотекийн зээлийн төлөлтөө 38.2 мянган иргэн хойшлуулсан нь өрхийн хувьд томоохон дэмжлэг болсон юм. Өнөөдөр дахин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан,  Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийг баталлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ч эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудалд Засгийн газар өөрийн саналаа хүргүүлэн, тусгуулж ирлээ. 

 

Улстөрчдөд халтай жил

 

Өнгөрч буй энэ он улстөрчдөд халтай жил байлаа. УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг парламентын сонгуулийн өмнө албан тушаалын хэрэгт буруутган баривчилан хорив. Ингэхдээ УИХ-ын халдашгүй бүрэн эрх баривчилгаанд нөлөөлсөнгүй.

 

Цаашлаад “Оюутолгой”-н гэрээ байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон С.Бямбацогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт анхан шатны шүүхээс 4-10 жил хорих ял, Ерөнхий сайд асан С.Баярт таван жил хорих ял аваад байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
haltai geheer tanaih tedniig hamgaalj bnaa gesen ug,oilgoj bna y.tanaid mergejliin setguulch bna yy
2020-12-31
irgen:
yls turchdud haltai bish ted shiitgegdsen jil l de, byryy zuviig n tanai sait shiidej bolohgui bailgui de
2020-12-31
irgen:
yls turchdud haltai bish ted shiitgegdsen jil l de, byryy zuviig n tanai sait shiidej bolohgui bailgui de
2020-12-31