“2006 онд үйлдвэрлэсэн 2018 оны наймдугаар сард орж ирсэн, будаг замаск байхгүй, QR кодтой тэргээ зарна. Утас: 80......” гэсэн зар "Автомашин авна, зарна" зэрэг цахим хуудсанд харагдана.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед 15 салбарын ажилчид QR зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин бусад салбар байгууллагын ажилчдын хөдөлгөөнийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу хязгаарласан.
Монгол Улсад “Ковид-19” вирусийн дотоодын анхны халдвар бүртгэгдэхэд арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоож зайлшгүй шаардлагатай 13 салбарын аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулсан. Тухайн 13 салбарын 23 орчим мянган ажилчдад автомашинаар хөдөлгөөнд оролцох QR зөвшөөрлийг олгосон. Дараа нь 13 салбарыг 15, 18 болгон нэмж, QR зөвшөөрлийг 40 орчим мянган тээврийн хэрэгсэлд олгосон талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлсэн.
Харин дахин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс дээр олгосон 70 орчим мянган QR зөвшөөрлөө заавал дахин хэвлэж авахыг шаардсан. Энэ удаад 70 мянгуулаа буцаан хэвлэж авах боломжгүй. Үүнээс зөвхөн хамгийн анх зөвшөөрөл авсан 23 мянган хүний QR зөвшөөрөл л идэвхижиж бусад нь устав.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Энэ 15 салбарт хамаарагдаагүй бол өмнө нь идэвхжсэн ч бай таны машин QR код ашиглах эрхгүй болж байгааг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө олгосон 13 салбарын QR код идэвхжинэ. Техникийн шалтгааны улмаас хоцорсон бол нэмэлтээр байгууллагын дугаартай, хүсэлтээ өгч болно. Зөвшөөрөл олгох хэмжээ хэтрэх шалтгаан огт байхгүй. Учир нь 40 орчим мянгаас илүүгүйгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах шаардлага гарч байна” хэмээсэн юм.
Гэвч үнэн хэрэгтээ хүнсний түгээгч, эм ханган нийлүүлэх үйлдвэрийн жолооч гээд QR зөвшөөрлөө өмнө нь авсан ч өнөө код нь идэвхжээгүй жолооч нар эрэл сурал болж, хэрхэх учраа олохгүй тэвдэж байна. Зөвшөөрлийн эрхээ сэргээлгэх хүсэлт илгээхэд "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохгүй оролцох 15 чиг үүргийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хөдөлгөөнд оролцох QR кодтой зөвшөөрөл олгоход тоон хязгаарлалт тогтоох зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул бид таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн хариу иржээ.
Үүнээс үүдэн хуучин олгосон 70 орчим мянган зөвшөөрлийнхөө 23 мянгыг буцаан идэвхжүүлээд үлдсэнг нь худалдаалж буй тухай хардалт иргэдийн дунд хөвөрч, зөвшөөрөлтэй нь хүнсээ түгээж зөвшөөрөлгүй нь түгээж чадахгүй байгаа тул шударга өрсөлдөх боломж хумигдсаныг учирлаж байна. “QR кодтой автомашин зарна” гэх зарлал мэр сэр харагдах болсон нь иргэдийн эргэлзээг улам нэмэгдүүлэх болжээ. Зайлшгүй шаардлагтай салбарын ажилтанд л QR зөвшөөрлийг олгож байгаа. Гэтэл кодтой автомашинаа худалдан борлуулах гэж буй тухайн хүнд зайлшгүй шаардлага үгүй.
Тэгэхээр зөвшөөрөл зөв хүндээ очиж чадаж байна уу? “Хэмжээ хэтэрсэн” гэх тайлбарын ард цоо шинэ бизнес цэцэглэв үү?
Б.Итгэл