Хогийн цэгээс эгшиглэх “Хар хархан харц”
2020-12-14

С.Жавхлан гишүүн болоогүй, болох тухай ч бодол төрөөгүй явсан байж болох 2013 онд  хит болж байсан “Хар хархан харц” дуу долоон жилийн дараа ч хэн нэгний гар утасны хонхонд жингэнэж байна.

 

- Байна уу, би эндээс машин олж суух гээд хүлээж байна.

 

- Та хоёр юу хийж байна. За удахгүй очно оо.

 

Зурагтын эцэст ээж, дөрвөн настай охины хамт амьдардаг 25 настай бүсгүй хүлээж ядсан хоёртойгоо ийн утсаар ярив. Бид нас чацуу юм. Тиймээс түүнтэй амь халуун яриа өрнүүлэхийг зорив.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Залуусын өнгөрсөн жил бөөн бөөндөө ижилссэн трэнд “Canada goose” тэмдэгтэй куртиктай. Куртик жаахан үнс болж сааралтсанаас бусдаар ноорхойгүй. Бүсгүй S7 гар утастай. Утасны дэлгэцэн дээрх зургийг “Энэ миний охин” гэж сонирхууллаа.

 

Хөл хорионы өдрүүд хаалга бүрийн цаана өөр. Жаргалтай, жаахан гунигтай ч амьдрал бий. Хүнсний талон эзэндээ хүрч байна уу, хүүхдийн мөнгөө авч чадсан уу, хөл хорионы энэ өдрүүдэд “Амьдрал ямар байна вэ” гэж асуухаар өнгөрөгч баасан гарагт Цагаан давааны хогийн цэгийг зорилоо. Даваа уруудаад л хамгийн түрүүнд яагаад тийм олон хэрээ цугларч тэгээд зогсоо чөлөөгүй гуаглан эргэлддэг юм бол гэж бодогдов. Тэнд хүн, хэрээ хоёрын хоолны төлөөх тэмцэл үргэлжлэх аж.

 

Энэ тэмцэл дунд “Зүгээр сууж чаддаггүй юм аа. Тэгээд л автобусанд суугаад эцсийн буудал дээр буугаад наашаа алхаад ирдэг” хэмээн ярих 65 настай эмээ хөргөгч шатааж сууна. Дотроос нь зэс гаргаж авч тушаах гэнэ. Эмээ тэтгэвэр 350 орчим мянган төгрөг авдаг. Энэ мөнгө амьдралд хүрэлцдэг ч дэмий суухаар уйддаг тул энд ирдэг гэсэн. Шатааж буй хөргөгчний хоолой хорсгом утаан дунд нулимс урсгаж /утаанаас болоод/ суугаа эмээгийн нөхцөл байдлаас харахад тэр дэмий л нэрэлхсэндээ тэгж хэлсэн шиг санагдав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэхдээ энд ерөөс “Амьдрал хэцүү болохоор” гэж хэлэх хүн байсангүй. Шуудай дүүргэж мод үүрсэн настайвтар ахын хамт яваа өөр нэгэн эр “Өө манай энэ найз түлээгүй болчихлоо. Хоёулаа яваад ирье гэхээр нь хань болж явна” гэж хэлэхдээ би түүнийг бодвол энд ирэх шалтгаангүй хүн гэдэг санааг хавчуулах шиг болов.

 

Дараагийн уулзсан дундаж насны эр ч мөн “Намайг энд ирдгийг, ингэж явааг хэн ч мэдэхгүй. Би гэрийнхнээсээ нуучихсан. Мэдвэл намайг бушуухан л татаад авна. Гэхдээ тэгж хүнд дараа болоод яах юм. Би энүүхэн хойно нэг амбаарт амьдардаг. Өдөртөө ийш ирж хэдэн төгрөгтэй болдог. Амьдрал болж л байна. Яах вэ, би бор дарс жаахан хүртээд баларчихсан хүн. Гэхдээ энд яадгаа алдчихсан хүмүүс биш харин ч хөдөлмөр ч хүмүүс ирдэг юм шүү” гэж мөн л хүнд, хэцүүн тухай ам нээсэнгүй. Төр засгаас ч хүсэх зүйлгүй гэсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эхэнд дурдсан эмэгтэй Архангайгаас дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотод ээж, охины хамт орж ирж Зурагтын хуучин эцэст төвхнөжээ. Хотыг зорих шалтгаан зуданд малаа алдсан.

 

Хөдөө, орон нутгийн хаягтай тул хүнсний талонд хамрагдаагүй. Харин хүүхдийнхээ мөнгийг авдаг гэнэ. Мөн ээж нь тэтгэвэртэй. Гэсэн ч тэтгэвэр, тэтгэмж нийлсэн сарын 400 мянган төгрөг амьдралд хүрэлцдэггүй тул бүсгүй түлээтэй болохын тулд өглөө эртлэн гарч уул даван алхсаар Цагаандаваанд ирдэг. Бүсгүй өнөөдөр ч түлээний мод цуглуулахаар энд иржээ. Нийт 5-6 том шуудай мод цуглуулж чадсан. Модоо хэрхэн авч харих тухайд хогийн машинд ачаад хүргүүлдэг гэнэ.

 

Цайны газарт угаагчаар ажилладаг байсан ч коронавирусийн хөл хорионы улмаас ажилгүй болжээ. Хөл хорионы өдрүүдэд амьдрал ямар байна вэ гэхэд “Яах вэ, гайгүй. Өдөртөө боорцог, гамбир хайрч  үдэшдээ шөлтэй хоол хийж иддэг. Хүнсний талонд л хамрагдмаар байна” гэсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Охиных нь аавыг сураглахад “Хаяад явчихсан” гээд бүсгүй шулуухан хэлчихэв. Одоо хайртай хүн бий юу гэхэд “Нөхрөөр яах юм” гэснээ муухан жуумалзаж байна. Хүсэл, мөрөөдлийн тухай яриа өрнүүлэхэд “Хүүхдээ л өсгөмөөр байна” гэв. Бүсгүйн бүхий л амьдрал туршийн мөрөөдөл хүүхдээ л өсгөх гэнэ. Сайн хань, сайхан амьдрал, өндөр боловсрол ч биш. Зүгээр л хүүхдээ өсгөх л бүсгүйн чин хүсэл.

 

Үнс бужигнасан хогийн цэг дээрх хамгийн оновчгүй асуулт, цагаа олоогүй сэдэв байж болох ч мөрөөдөл, хайр дурлалын тухай үеийнхээ хүнтэй яриа өрнүүлэхдээ бүсгүй хаясан нөхөр, холоос алхаж ирсэндээ даарсан бүхнийг мартчих шиг гэнэн итгэмтгийгээр инээмсэглэж байлаа. “Ингээд явъя даа” гээд намайг гэдрэг эргэхэд урамгүй гар даллачихаад шуудайгаа шүүрээд цааш эргэсэн. Араас нь дуудаад “Чи фэйсбүүктэй юу. Хоёулаа найзууд болох уу гэхэд “Байхгүй ээ, тэрүүгээр яах юм” гэчихээд цааш шалавласан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөл хорионы хамгийн хүнд өдрүүд хотын захад байрлах гурван том хогийн цэгт л өнгөрч буй хэмээн санаж Цагаандавааг зорьсон. Гэвч биднээр өрөвдүүлэх хамгийн дургүй, ахын хэлснээр хөдөлмөрч хүмүүс цуглардаг ч юм шиг сэтгэгдэлтэй тэндээс буцлаа. Тодорхой хаяггүй учраас сонгууль өгдөггүй. Өгдөггүй учраас үр дүн нь чухал биш. Төр засгийн шийдвэрээс хүртэх нь ховор тул мөн л тэндээс хүлээх зүйлгүй. Амьдраад сурчихсан, амиа аргацаах аргаа олчихсон тэдэнд хөл хориотой, коронавирустэй энэ өвөл ч айдас төрүүлэхгүй байгаа аж. Төрөөс нэхдэггүй, өөрийнхөө төлөө өөрөө л зүтгэж яваа амьдрал тэнд байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

Амьдрал сайнгүй, амны хаалтыг хоёр цаг тутамд солих тухай бодох сөхөө үгүй ч тэнд цугларсан хүмүүс дунд гуньж гутарсан нь үгүй юм. Тийм ээ, амьдрах л ёстой...

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tgj l bichsen bn sh dee
2020-12-24
Zochin:
Ert deer ued emee mini ee huuhduud nini ooriin oron ger yugaar ch soloshgui zuil geed: Goliin ereg dor amidardag baisan emgen gaduur yvj bgaad tendee orood : - Eooh ooriin oron gej mon ch saihan ymaa gej baisan ym genebilee gej yrij ogson ni sanaand mini orloo
2020-12-14
canada goose байлгүй дээ
2020-12-14
zochin:
tgj l bichsen bn sh dee