Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.13/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1030 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч ажилтан хоёр хүний шинжилгээ, нийслэлд бүртгэгдсэн халдварын голомтод нийт ойрын хавьтал 125 хүн, хоёрдогч хавьтал 2600 хүнд шинжилгээ хийсэн. Ойрын хавьтлын 125 хүнээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Хоёрдогч хавьтлын 2600 хүнээс 474 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Нийт тухайн голомтод батлагдсан тохиолдол зургаа байгаа. Тандалт судалгаа хийж байна. Нийт ойрын болоод хоёрдогч хавьтлын 3000 орчим хүнийг тандалт судалгаанд хамруулж байгаа.
Арваннэгдүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Сэлэнгэ аймагт хязгаарлалт арга хэмжээ авч эхэлсэн. ХӨСҮТ-ийн мэргэжлийн нэг багаа илгээлээ.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 412 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 317 байгаа. Нийт эдгэрээд гарсан 317 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 2 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 90 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 76 хүн хөнгөн, хүндэвтэр 12, хүнд 2 хүн байна. Нутаг буцаасан таван хүн бий.
Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн албаны дарга Т. Гантөмөр:
-Нийслэлд хүнсний том жижиг 68 зах худалдааны төв ажиллаж байгаа. Үүнээс 48 нь томоохон хэмжээний зах худалдааны төв байгаа. 3761 хүнсний дэлгүүр үйлчилгээ үзүүлж байна. УОК-оос шийдвэр гарахад хүнсний дэлгүүрүүдийг 07:00 -22:00 хүртэл ажиллуулж байсан бол өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн Онцгой комиссын захирамжаар 07.00-21:00 цаг болгосон. Өчигдрийн байдлаар иргэд барааг олноор худалдан авах нь багассан. Хангалт үйлчилгээ сайн байна. Бид шөнийн цагаар хүнсний хангалтуудаа хийж байгаа. Хүрэлцээ нөөцөд санаа зовох зүйлгүй гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Тээврийн жолоочийн тусгаарлалтаас гараад хэд хоногийн дараа вирус илэрсэн. Тусгаарлалтын хяналт ямар байна вэ?
-Бид бүгд эрсдэлтэй. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн сэтгэлзүйг дэмжих хэрэгтэй.
-Оношлуур хүрэлцээтэй юу?
-Оношлуур хангалттай байгаа. Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр оношлуур ирнэ. 11 цэг дээр шинжилгээ авч байгаа.
-Тархалтын маршрут бүрэн гарсан уу?
-Тархвар зүйн зураглал мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа. Нийт 3000 хавьтлыг олж ирлүүлж, хяналтад авсан. Ойрын хавьтал гэх тоо нэмэгдэх эрсдэл байж болно.
-Өдөрт хэдэн хүнд шинжилгээ хийх боломж байна вэ?
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид, 24 цагийн хугацаанд 3000-4000 хүнд шинжилгээ хийх боломжтой.
-Сэлэнгэ аймгийн гурван иргэний өвчлөлийн голомт хаанаас вэ?
-Сэлэнгэ аймагт коронавирусийн халдвар авсан гурван хүн тир машины жолоочтой холбогдол багатай байна. Үргэлжлүүлэн тандан судалж байгаа.
-Гэрийн тусгаарлалтын 14 хоногийн хугацааг сэргээх үү?
-Халдварын гинжин хэлхээ, эрсдэл зэргийг уялдуулан харж байж дараагийн шийдвэрүүд гарна. Одоогоор тандалт хийж байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн албаны дарга Т. Гантөмөр:
-Автобус цагийн хязгаартай байгаа. Хувийн унаагаар явах боломж бий юу?
-Нийтийн тээврийг тодорхой цагуудаар явуулж байгаа. Явган хүний болоод тээврийн хэрэгслийн хязгаарлалт тогтсон. Холбогдох байгууллага хяналт тавьж байна.
Г.Мичидмаа
Уншиж байна |