Орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. НИТХ-ын сонгуульд сонгогдсон төлөөлөгчид үнэмлэхээ гардан аваад байгаа. Хуулийн дагуу төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийж, НИТХ-ын даргаа сонгоно. Харин хотын парламентын дарга болон нийслэлийн Засаг дарга томилох нэгнийг МАН-ын Удирдах зөвлөл НИТХ-д санал оруулах юм.
Тиймээс өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын удирдлагуудад нэр дэвшүүлэх хүнээ сонгоно. Орон нутгийн сонгуулийн дараагаас хотын даргад МАН хэнийг томилох талаар таамаглал хөвөрсөн.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарын тохирооноос их хотыг удирдах эрхмүүд тодорно гэж ажиглагчид үзэж байгаа. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар НИТХ-ын даргаар одоогийн дарга Р.Дагвыг улируулах, нийслэлийн Засаг даргаар нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга н.Алтаншагайг томилох санал оруулах магадлал хамгийн өндөр байгаа. Учир нь Д.Сумъяабазарын сонгогдсоор ирсэн Сонгинохайрхан дүүргээс эхлэн дээрх хоёр эрхэм хамтарч ажиллаж байсан.
НИТХ-ыг мини парламент гэдэг. Хэрвээ Р.Дагва үргэлжлүүлэн ажиллавал нийслэлийн өнөөгийн эрхзүйн байдал, намын мөрийн хөтөлбөр, цаашлаад хотын асуудлыг судлах шаардлагагүйгээр дэвшүүлсэн зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явна. Хотын даргаар нэр нь яригдаж байгаа н.Алтаншагайгийн хувьд бодлогын түвшинд мэдлэгтэй ч бодит байдалтай танилцах шаардлага тулгарах нь гарцаагүй.
Харин өнөөдрийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн тухайд үргэлжлүүлэн ажиллахаар горилж байгаа ч улс төрийн тохирооноос асуудал хамаарахаар болоод байна.
Түүнчлэн хотын дарга нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар томилогдох эрх нь нээлттэй гэсэн бор шувуу нисч байна. Хэрвээ хотыг удирдахаар горилж байгаа бол Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөнө. Гэхдээ энэ нь өөрийн хүнээ хотын удирдлагад дэвшүүлэх тохироонд хүрээгүй, эсвээс намын удирдлагын зүгээс санал болгох нэр “зөрсөн” тохиолдолд хийгдэх эцсийн хувилбар ч байж магад. Ер нь орон нутагт ялалт байгуулсан намын хорооны дарга нь Засаг даргаар томилогддог жишиг өнгөрсөн хугацаанд үйлчилж ирсэн, өнгөрсөн парламентын үед эвдэгдсэнийг эс тооцвол.
Тэгээд ч өнөөдөр МАН НИТХ-д үнэмлэхүй ялалт авсан энэ үед хотын удирдлагын хэн нэг нь нийслэлийн намаа удирдах ёстой гэсэн “шаардлага” ч тавигдаж байж магад. Тэгвэл энэ удаад намаа ялуулсан Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа өгөх нөхцөл үүссэн байх магадлалтай. Тиймээс л намын хорооны даргын албаа өгөх үү, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөөд хотыг удирдах уу гэдэг сонголттой тулгарсан байхыг үгүйсгэхгүй, "өөрийнх нь хэлснээр хот том эдийн засаг шүү дээ".
Харин МАН-ын Удирдах зөвлөлийн, тэр дундаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тухайд нийслэлийг хэнээр удирдуулахаар санал болгох нь олны анхаарлыг татаж байна. МАН-аас бодлогоо хайрцаглаж, гэнэт шийдвэр гаргадаг уламжлал өнгөрсөн хугацаанд алдагдаад байсан. Улс төрийн өнөөдрийн нөхцөлд намын даргын санал болгох эрхэм одоогоор хайрцаглагдсан хэвээр байна. Орон нутгийн сонгуулийн өмнө нийслэлд МАН ялалт байгуулвал Д.Амарбаясгаланг дараагийн хотын даргаар олон нийт онцлоод байсан. Гэвч МАН-ын генсек орон нутгийн сонгуульд нэр дэвшээгүй. Басхүү нэр дэвшээгүй гэдэг нь нийслэлийн удирдлагаар томилогдохгүй гэсэн үг биш. 2016 оны сонгуулиар Су.Батболд төлөөлөгч биш ч хотын даргаар томилогдсон. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өмнөх сонгуулиудаар ч, энэ удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар ч намынг төв штабаа ахалж, ялалт байгуулсан гавьяатай. Тиймээс Д.Амарбаясгаланг намын дарга нийслэлийн Засаг даргад санал болгоход гайхах зүйлгүй. Гэвч түүнийг сонгуулийн мэргэшсэн менежерийн хувьд Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл энэ албан тушаалдаа байна гэсэн таамаглал ч бий.
Ямартай ч өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ирэх жилүүдэд хотыг удирдах эрхмүүдийн нэр тодорно. НИТХ дахь үнэмлэхүй олонхи МАН-ын бүлэг удирдах зөвлөлийнхөө саналыг гар өргөн батлах биз. Хэрвээ зөрөлдсөн тохиолдолд Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нэр тохироонд хүрээгүйгийн илрэл болно.
Улстөржихгүйгээр Улаанбаатарын ажлыг шуурхай үргэлжүүлнэ гэж ялалтын мэдээтэйгээ хамт дайсан үгээ эрх баригчид мартаагүй байгаа гэж итгэнэ.
Н.Энхлэн