Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сүр жавхлантайгаар бараа бологсодын хамт Гадаад хэргийн яам дээр ажилалаа. Яамны үйл ажиллагаатай танилцах зуураа нэг минут гаруйн хугацаанд үргэлжилсэн сүржин тунхаглал хийсэн нь олон түмний анхаарлыг ихээр татав. Түүний ярианы үндсэн санаанууд нь:
“Хувийн ААН-уудын гадаад өр 18.2 тэрбум долларт хүрч, улсаа хөмрөх гэж байна. Монгол Улсын гадаад өрийн дийлэнхи нь хувийн компаниудийн өр. Энэ их өрийг төр, засаг мэдэж байх ёстой. Монгол Улсыг гадаад өр тавьж дампууруулах гэж байна. Засгийн газар мэдэхгүй байна. Үүнийгээ чөлөөт зах зээл гэж тайлбарлаад байна. Чөлөөт зах зээл гэж байхгүй. Би Засгийн тэргүүн. Миний бодлого-төрийн зохицуулалттай зах зээл. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл дэлхий дээр байхгүй. “
70 орчим үгэнд багтсан түүний тунхаглалд миний бие 10 алдааг олж харснаа та бүхэнтэйгээ хуваалцахаар буулгалаа:
- Хувийн ААН-уудын гадаад өр 18.2 тэрбум долларт хүрч, улсаа хөмрөх гэж байна - Хувийн компанид өгдөг зээл нь Засгийн газар, тухайн улсын төрийн байгууллагын хариуцлагатай ямар ч хамаа байхгүй. Учир нь зээлийг тухайн компани хувийн хөрөнгөө барьцаалж авдаг. Тэр зээл олгох шийдвэрийг гадны байгууллага нь өөрсдөө эрсдэлээ үнэлж, дүгнэсний үр дүнд олгоно. Хэрэв, Монголын аж ахуйн нэгжид өгсөн зээл нь муудвал, муу зээл болж ангилагдана, өрийн менежмент хийгдэж, өрийг хямдруулж өр барагдуулдаг өөр компанид зардаг - Монголын Засгийн газарт ямар ч хамаа байхгүй. Хэрэв дампуурахдаа тулвал тухайн зээл авсан компани л дампуурах болохоос биш Монголын төр дампуурахгүй. Монголын төр, засагт харин дампуурсан компаний ажилгүй болсон ажилтнуудыг яах вэ гэдэг өөр нийгмийн чанартай асуудал л гарч ирнэ.
- Хэрэв төрийн байгууллагын баталгаа өгч хувийн компани зээл авсан бол энэ бол төсөв дээр дарамт учруулах аюултай. Гэвч, 2016 онд Ардын Намын өөрийнх нь гаргасан бодлого нь нэг ч хувийн компанид зээлийн баталгаа олгохгүй болсон гэж ойлгож байгаа. Тэрнээсээ өөрсдөө ухраад нууцаар холбоотой компаниуддаа төрийн баталгаатай зээл авахуулсан бол энэ бол харин төсвийн эрсдэл мөн.
- У.Хүрэлсүх сайдын логикоор хөөвөл, жишээ нь иргэн Дорж нь АНУ-н иргэн Жон Смитээс мөнгө зээлээд бултаж болох бөгөөд бултсан нөхцөлд Монгол Улс нь иргэн Доржийн өмнөөс Жон Смитэд өрийг нь барагдуулах ёстой болоод байгаа юм. Тийм нөхцөлд Монгол Улсын хариуцах хариуцлага хязгааргүй бөгөөд энэ бодол нь өөрөө улсыг дампууруулах үндэс юм. Хувийн хариуцлага болон төрийн хариуцлага гэж хоёр салангид ойлголт байдгийг манай дарга холиод байна.
- Компаниудын гадаад өрийг төр засаг мэдэх ёстой гэж хэлэв- зарим улс орнууд гадаад компаниас авсан өрийг Төв банкиндаа бүртгүүлэх боломжийг олгодог. Бүртгүүлж байгаа шалтгаан нь дотоодын компаниа зохицуулах гэж бус, харин хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор гадны зээл олгосон байгууллагад өгсөн зээлээ тухайн улсын Төв банкинд нь бүртгүүлэх боломжоор хангадаг. Энэхүү үйлдэл нь гадаад зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой бөгөөд коммунист засагтай Вьетнам улс энэ туршлагыг хэрэгжүүлдэг.
- Гадаад өр тавьж Монгол Улсыг дампууруулах гэж байна гэж хэлэв - улс орон хөгжихийн тулд гадаад эх үүсвэрээс хөрөнгө татах хэрэгтэй (учир нь бидэнд өөрсөдөд мөнгө байхгүй). Үүний тулд улс орнууд гадаад хөрөнгө оруулалтын хууль гаргаж, яам, агентлагууд ажиллуулдаг. Гадаад эх үүсвэрийн хөрөнгө хувьцаа байдлаар болон зээл байдлаар орж ирж болно. Гадаад зээл орж ирж байна гэдэг нь тухайн эдийн засагт гадны зээлдэгчид итгэл үнэмшилтэй байгааг харуулж байгаа хамгийн сайн дохио юм. Энэ нь тухайн улсын хувьд сайн зүйл болохоос улс дампууруулах үндэс биш. Гаднаас огт мөнгөн урсгал орж ирэхээ болиход улс дампуурна.
- Сүүлийн 4 жилийн Ардын намын засаглалын хугацаанд төгрөг 42% унасан байдаг. Төгрөг унахын хирээр гаднаас гадаад валютаар зээл авах нь өндөр эрсдэлтэй болдог. Ийм ч учраас гаднаас авах зээл нь ч буурна, өгөх нь ч адилхан буурна. Ийм нөхцөлд, улс хөгжихөд нэн шаардлагатай гадаад хөрөнгө оруулалтын урсгал зогсож байгаа юм. Монгол Улсад уул уурхайн бус зориулалттай гадаад орлого үндсэндээ үгүй болж “баялгийн хараал” албан ёсоор хүрсэн улс болоод байна. Миний ойлголтоор аливаа Ерөнхий сайдын үндсэн ажил нь төгрөгийн эрчтэй уналтыг зогсоож, уул уурхайн бус салбарт гаднаас мөнгөний урсгалыг татаж, олон тулгууртай эдийн засгийг бүтээх баймаар юм. Харин хувийн компаниудын өөрсдийн чадлаар чадан ядан олж ирж байгаа гадаад хөрөнгө оруулалтыг олон нийтэд муулах, буруугаар ойлгуулах нь лав үндсэн ажил нь биш баймаар.
- Чөлөөт зах зээл бол иргэд хоорондоо үнээ тохиролцож, арилжаа хийдэг тогтолцоог хэлнэ. Иргэд, хувийн компаниуд гадаад улсын компаниудтай өөрсдөө тохиролцоод арилжаанд орвол бүүр сайн. Үүнийг бид экспорт, импорт гэж нэрлэнэ. Хэдий энэ нь чөлөөт зах зээл мөн боловч, төрийн зохицуулалт нэн даруй шаардлагатай боллоо гэсэн логиктой үндэслэл, тайлбар болж чадахгүй байна.
- Төрийн зохицуулалт нь тухайн улсын хөрөнгийг, аль нэг салбарыг, байгаль орчныг, нийгмийн байгууламжийг, соёлын өвийг, ажлын байрыг, үндэсний мөнгөн тэмдэгт зэргийг хамгаалах, зохицуулах зорилготой байж болно. Харин хувийн компанийн гаднаас өөрийн чадлаар олж авсан зээлийн зохицуулалт яавч биш юм. Учир нь гаднаас авч байгаа зээл нь өөрөө олон улсын тогтсон практик зохицуулалттай байдаг, түүндээ захирагдана.
Харин төрийн зохицуулалт хийж болох энгийн бөгөөд хэрэгтэй жишээг дурдъя: улс ноолуурын салбарыг Хятадын ченжүүдээс хамгаалах зорилгоор, Монголын ноолуурын компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, гадагшаа гарах түүхий ноолууранд өндөр татвар оногдуулах. Төрийн зохицуулалтын буруу жишээ: Монголын хувийн компанийн гадаадаас авах зээлэнд хориг, зохицуулалт тавиж, Монголд орж ирэх мөнгөн урсгалыг хаах. Улсын дарга төрийн зохицуулалт юу билээ гэдгээ буруу жишээн дээр тайлбарлаад байна.
- Гадны хөрөнгө оруулалт, зээл нь, нэн ялангуяа гуравдагч орнуудаас байвал, үндэсний аюулгүй байдлыг бататгана гэсэн зарчим Монгол Улсын гадаад бодлогын тулгуур болсон байдаг. 18 тэрбумын зээлийн нэг том хэсэг үнэндээ "Оюу Толгой" компанид оруулсан зээлийг тэгж бүртгэсэн билээ. Дарга маань хэдийгээр онцгой бүрэн эрхтэй Засгийн Тэргүүн ч гэлээ энэ улсынхаа гадаад бодлогын тулгуур зарчимыг Гадаад яаман дээр нь хүрч ирээд үгүйсгээд байж болмооргүй байна.
- Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл дэлхийд байхгүй - тиймээ, нэн ялангуяа Монголд бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн маань хүссэнээ хийж чадахгүй, алхам тутам зөвшөөрөл, лицензийн дарамтан дунд ажиллаж, амьдарцгааж байна. Нэг илүү зохицуулалт гэдэг бол нэг даргын хахууль авах нэг илүү шалтгаан юм. Дарга маань коронагийн хүнд хэцүү цагт хумигдаж байгаа эдийн засгаа сэргээхийн оронд илүү зохицуулалт гаргаж олныг зовоомооргүй байна.
Э.Сонор