Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.
Одоогоос дөрвөн жилийн өмнө /2016.08.05/. Улсын баяр наадмын урт амралтын дараахан Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүй долоон худгийн замд ноцтой осол гарч долоон хүн амь насаа алдсан. Бүгд халаглаж, бүгд харамссан, бүгдийг сэрдхиийлгэж, сэрэмжээ нэмэгдүүлэхэд хүргэсэн энэ осол, хэрэг эцэслэн шийдэгдэлгүй удсан. Охиноо, ач зээгээ, худ урагаа алдсан хөгшин хэвлэлийн хурал хийн “Охиныг минь буруутан болгоод хэргийг хаах гэж байна” хэмээн нулимстай учирлаж /2018.08.29/ байв.
Хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд 2020 оны долоодугаар сарын 27-ны өдөр болж, дөрвөн жилийн дараа хэрэг эцэслэн шийдэгдэв. Нэг гэр бүлийн долоон хүн амиа алдаж, өөр нэгэн нь “Монгол Улсын нэрийн өмнөөс....” уншуулж зогсоо энэ осол нүд ирмэх зуурт болж өнгөрчээ.
Осол гарсны дараахан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Тоёота приус" маркийн автомашиныг "Ландкрузер-100" маркийн автомашины жолооч шахсан. Улмаар приус автомашин эсрэг урсгал руу орж, өөдөөс нь ирж явсан автомашинтай мөргөлдөн шатаж нэг гэр бүлийн долоон гишүүн амиа алдсан” хэмээж байв.
Цаг хугацааг ухрааж тэр өдрийг зураглавал 24-хөн настай залуу эмэгтэй гурав, дөрвөн насны хоёр хүүхэд, хадам аав, ээж, эгч нарын хамт “Тоёота приус” маркийн автомашиныг жолоодон Архангай аймгаас Улаанбаатар хотыг зорьж яваа. Харин түүний хажуугийн эгнээнд зорчиж явсан “Ланд Крузер-100” маркийн автомашинд аав, ээж, охин гурав хотоос зайдуухан гарч агаарт хоноглоод өглөө Хүй долоо худагт болох Даншиг наадам үзэх зорилготой явав.
Ланд Крузерийн жолооч хоноглох газраа өнгөрсөн тул зам дээр буцаж эргээд туслах зам руу салах үйлдэл хийхдээ хажуугийн машинаа өнгөрөөгөөд араар нь зам салаагүйгээс л энэ осол гарчээ. Өөрөөр хэлбэл санаатай шахсан биш, хоёрдугаар эгнээнээс нэгдүгэээр эгнээнд шилжихдээ хажуудаа яваа машинаа өнгөрөөчихөөгүй харалган үйлдэл нь өнөөдөр шүүгдэгч эрийн эрх чөлөөг 6 жилээр хаслаа.
Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгч Ө.Ц-ийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн. Тэрбээр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
7.9-д заасан “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино”,
7.8-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэсэн
заалтуудыг тус тус зөрчсөнөөс зэрэгцээ эгнээнд явсан Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс Тоёото приус маркийн автомашин эсрэг урсгалд орж Ланд Крузер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүний амь насыг хохироожээ.
Тэгэхээр долоон халуун амь хорвоог орхиход хүргэсэн буруутан приусны болоод өмнөөс ирж явсан Ланд Крузерийн жолооч биш. Эгнээ байраа солихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй “Ланд Крузер-100” маркийн автомашины жолоочийн буруу аж. Мөн хоёр автомашиныг мөргөлдүүлж олон хүний амь насыг хохироочихоод хэргийн газраас хөдөлж гэдрэг эргээд Улаанбаатар орсон энэ автомашины жолоочийг гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болохыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоожээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Ц-д
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 7 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн
Хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
27.10 дугаар зүйл.Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Автомашинд зорчиж явсан зургаан хүн автын ослын хавсарсан гэмтлийн улмаас нас барсан бол нэг зорчигч тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүсч гал гарсны улмаас бүх биеийн гадаргыг 100 хувь хамарсан 3-4-р зэргийн түлэгдэлт, угаарын хийн хорлогын улмаас нас барсан байна. Өөрөөр хэлбэл тэр үлдэх боломжтой ганц амь байв.
Хамгийн сүүлд амьсгал татсан энэ бүсгүйн нэг ангийн найз нь ослын газарт явж таарсан. Харамсалтай нь амийг нь аварч чадалгүй автомашин дэлбэрсэн талаар гэрчийн мэдүүлэг өгчээ. Тэрбээр “Би тэнд байсан хүмүүстэй галыг нь унтраах гээд оролдож байхад тэр амь авраач ээ гэж хашгирсан хүүхэн надтай хамт Архангай аймгийн Хашаат суманд нэг ангид хамт сурч байсан хүүхэн байсан. Тэр л ганцаараа амь авраач гэж хашгирч бусад нь ямар нэгэн хөдөлгөөн болон дуу авиа гаргахгүй байсан. Тэр намайг таниад “Миний найз найзынхаа цээжнээс өргөөд өгөөч” гэж хэлэхээр нь би цээжнээс нь өргөсөн юм. Тухайн үед талийгаачийн цээж хэсэг машины хойд цонхоор гараад ирсэн. Харин хөл нь хавчуулагдсан байсан болохоор машинаас гаргах гээд үнэндээ чадаагүй. Тэгээд л галын дөл улам нэмэгдээд хүн ойр хавьд нь байх аргагүй болох үед би холдсон юм” гэжээ.
Ойворгон, омголон, хүлээдэггүй, хүлцдэггүй жолооч нар зам дээр олон л таардаг. Жолооны ард суусан л бол “Эхлээд та, дараа нь би” гэдэг бичигдээгүй дүрэм, батлаагүй хүндлэлийг баримтлахыг үргэлж хичээж хариуцлагатай, анхааралтай зорчихыг хэн бүхэнд үүгээр сануулъя. Дүрмээ мөрдөөгүй даанч яаруу ганцхан үйлдэл таныг харамсаад ч баршгүй хагацал, хэцүү бүхэнтэй нүүр тулгах вий...
Г.СҮРЭН