Хойд Солонгос Оросын хөлөг онгоцыг саатуулжээ 
2019-07-24

 

ОХУ-ын дипломатууд өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-д саатуулагдсан Оросын загас агнуурын хөлөг онгоцны асуудлыг шийдэхээр ажиллаж байгаагийн дээр онгоцны багийн гишүүдтэй уулзаж чадсан гэж Владивосток дахь Оросын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдснийг ТАСС дамжууллаа. 


“Долоодугаар сарын 18-ны өдөр нөхцөл байдлыг шийдвэрлэхээр дипломатууд ажиллаж байгаа талаар ЭСЯ-д мэдээлсэн. Түүнчлэн манай ажилтнууд багийн гишүүдтэй уулзсан ” хэмээн ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр БНАСАУ-ын хилийн алба загас агнуурын хөлөг онгоцыг саатуулсан бөгөөд онгоцны багийн гишүүд болох нийт 17 хүний 15 нь ОХУ, хоёр нь БНСУ-ын иргэд юм байна. 


Саатуулагдсан “Сянхайлинь-8” хөлөг онгоц нь “Северо-восточная рыболовная компания” гэх загас агнуурын компанийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд  Оросын далбаатайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин