Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийн хамт “Ататуркийн бунхан цогцолбор”-т цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ цогцолборт Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч, тусгаар тогтнолын төлөөх дайны удирдагч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн бунхан байрладаг.
Тус улсад айлчилж буй гадаадын дээд, өндөр түвшний зочид, төлөөлөгчид болон гадаад орнуудаас томилогдсон Элчин сайд нар цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.
Ерөнхийлөгч мөн тус цогцолборын хүндэт зочны дэвтэрт “Улс эх орноо сэргээн цогцлоож, орчин үеийн хөгжил дэвшлийн бат бэх суурийг тавьж, ард иргэдийнхээ итгэл найдвар, хайр хүндэтгэлийг хүлээсэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч, тусгаар тогтнол, энх тайван, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн хичээл зүтгэл, алдар гавьяа, үлдээсэн үнэт өв, үзэл санааг хүндэтгэн бахархаж байна.
Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж, манай хоёр улсын Стратегийн түншлэлийг тунхаглан зарлаж байгаад баяртай байна.
Монголчууд бидний өвөг дээдэс, Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Монголын их амар амгаланг дэлхий дахинд тогтоож байсанчлан дэлхийн улс орнууд амар амгалан, зэрэгцэн оршиж, манай хоёр орны ах дүүсийн түүхэн уламжлалт харилцаа өнө мөнх мандан бадрах болтугай” хэмээн уйгаржин монгол бичгээр дурсгалын үг бичиж, гарын үсгээ зурлаа.
750 мянган ам дөрвөлжин талбайтай цогцолборыг 1944 оноос барьж 1953 онд ашиглалтад оруулсан байна. Цогцолбор нь бунхан бүхий үндсэн барилга, Ататурк болон чөлөөлөх дайны музей, номын сан, Ёслолын талбай, Арслантай зам, 104 төрлийн 50 мянга гаруй мод, ургамалтай Энх тайвны цэцэрлэгээс бүрддэг.
Ёслолын талбайд нь ард иргэд үндэсний баяр ёслолын өдрүүдээ тэмдэглэдэг уламжлалтай юм.
Туркийн хувьсгалын эцэг гэгддэг Мустафа Кемал Ататурк нь шинэ Үндсэн хуулийг батлуулж, өрнөдийн болон Европын жишиг бүхий хууль тогтоомж боловсруулснаас гадна шашин, төрийг тусгаарлаж, эмэгтэйчүүдийн гивлүүрийг халах, араб бичгийг латин үсгээр орлуулах зэргээр эрс шинэчлэл хийжээ.
Уншиж байна |