УИХ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөн дэмжсэн. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах боломж бүрдсэн юм. Үүний дагуу өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Энэхүү гэрээ нь Оюутолгойн гэрээний дараа орох томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм.
27 жилийн өмнөөс ярьж эхэлсэн ураны төсөл хэрэгжүүлэх асуудал Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад албан ёсны айлчлал хийсэн үеэс хойш эрчимтэй урагшилсаар өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулж албан ёсоор эхлүүлэх гэж байна.
Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 500 сая доллар бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш дөрвөн жилийн хугацаанд хийх юм. Хөрөнгө оруулалтын гэрээнээс онцлох зохицуулалтуудыг танилцуулъя.
УИХ Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэн дэмжсэний дараа ажлын хэсгийн дарга Б.Пүрэвдорж гишүүн "Энэхүү гэрээг байгуулснаар Франц, Англи, Итали, Испани, Белги, Нидерланд, Швейцарь зэрэг Европын холбооны 26 улсын гуравны нэгийг 50 жилийн турш цахилгаанаар хангах боломжийг нээж өгч байгаа.
Хоёрдугаарт, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтай тэмцэж буй тэмцэлд манай улс том хувь нэмэр оруулах алхам боллоо.
Гуравдугаарт, Монгол Улс уран олборлосон туршлага дээрээ үндэслэн цаашид атомын цахилгаан станц барих боломжийг нээж байна" гэсэн юм.
Уншиж байна |