Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарыг ОХУ-д 1992-1995 онд үйлдвэрлэгдээд 20 гаруй жил үйлчилгээнд яваад дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан 977 вагоныг эрх мэдлээ урвуулан ашиглан Монгол Улсад оруулж ирсэн тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Үүнд УБТЗ нийгэмлэгийн зүгээс байр сууриа илэрхийллээ.
ОХУ-аас 977 вагон оруулж ирэхээр болсон ч үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан одоогоор ОХУ-аас 587 вагоныг хүлээж аваад байгаа аж. Үүний 533 вагоныг өнгөрсөн оноос ашиглаж эхэлсэн байна. Уг вагонууд нь ОХУ-д 22 жил тээвэрлэлтэд аялсан. Сүүлийн хоёр жил ашиглаагүй зогсолт хийсэн вагонууд аж. Вагонуудад Монгол Улсын стандартын дагуу техникийн оношлогоо, засвар шинэчлэлтийг хийн ашиглаж байгаа юм байна.
УБТЗ-ын вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд Ачааны вагоныг 30-42 жил ашиглах заалттай. Энэхүү оруулж ирсэн вагонуудыг Монгол Улсын тээвэрт дахин 3-7 жил ашиглах боломжтой байсан. Тодруулбал вагонууд 15.5-17.9 жилийн нөөцтай байна гэдгийг ШУТИС-ийн лабораторийн шинжилгээгээр тогтоосон. Иймд засч, шинэчлээд дахин 7-10 жил ашиглах боломжтой гэдэг гарцыг харж эдгээр вагоныг худалдан авсан. УБТЗ жилд олж байгаа орлогоороо замынхаа их засварыг хийнэ, түлшээ худалдаж авна, ажилчдын цалинг олгоно. Парк шинэчлэлт хийх томоохон хэмжээний хуримтлал үүсэхгүй байна. 1970-1980 оны үед ч ийм л байсан одоо ч хэвээр л байна. Хуримтлал үүсвэл шинэ вагон худалдаж авах бололцоо нөхцөл үүснэ. Гэвч хуримтлал үүсэхгүй байгаа тул хуучин вагон худалдаж авсан” гэв.
Вагон олон жил хэрэглэгддэг бөгөөд засч, шинэчлэн хэрэглэх хугацааг уртасгах дүрэмтэй учир вагон дефод техникийн үзлэг, оношлогоог хийн ашиглаж байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
Г.Тэгшсүрэн