Галын аюул ослоос дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр түүний гавьяат үйлийг үнэлж “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнав.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ үеэр хэлэхдээ “Аюул ослоос хүний амийг аварсан энэ сайхан мэдээг сонсоод цагдаагийн алба хаагчдаараа бахархах сэтгэл төрлөө. Ард олныхоо аюулгүй амьдралын манаанд цагдаагийн мянга, мянган алба хаагчид 24 цагийн турш нүд цавчилгүй зүтгэж яваа. Эх орондоо, өргөсөн тангарагтаа үнэнч байж эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйл хэргийг нэр төртэй биелүүлсэн Г.Ганбаяртаа баярлалаа” гэв.
Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өглөө 08.00 цагийн үед ажил руугаа явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 14 дүгээр гудамжинд оршин суух иргэн Ц.Найманжингийн байшингийн үүдний хэсэгт гал гарч байгааг хараад хашааг нь даван орсон байна. Байшинд байсан дөрвөн иргэнийг сэрээж галын аюулаас аврах үед хоёр хүн угаартсан байдалтай, нэг хүний мөр түлэгдсэн байжээ. Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр нь тус байшингаас иргэн Ц.Найманжин, Д.Алтанзул, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарын 35-40 насны дөрвөн хүнийг аварч, эмнэлгийн тусламж үзүүлсэн юм.
Уншиж байна |