Сэтгэцийн эрүүл мэнд нь хэн нэгний сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, нийгмийн сайн сайхан байдлыг тодорхойлдог. Бидний сэтгэцийн эрүүл мэнд нь хооллох зуршил, биеийн тамирын дасгалын түвшин, бодис хэрэглээний зан байдал, хүнд хэцүү нөхцөл байдлыг хэрхэн бодох, мэдрэх, даван туулахад нөлөөлдөг.
Монгол Улсад хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн сүүлийн судалгаагаар 2023 оны байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарч байсан байна. Сэтгэцийн асуудал үүсгэж буй гол зүйл нь гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцаа холбоо дутагдалтай, ажилгүйдэл, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээ болон нийгмийн орчин орж байна.
Дээр дурдсан сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болон түүнийг хэрхэн даван туулах тухай мэргэжлийн сэтгэлзүйч Л.Ариунсайхантай ярилцсан юм.
- Бид ямар тохиолдолд сэтгэлзүйчид хандах хэрэгтэй вэ?
- Түгшүүр, айдас, сэтгэцийн гэмтэл (trauma), сэтгэцийн гэмтэлийн дараах стресст эмгэг (post traumatic stress disorder), сэтгэл гутрал, амиа хорлолт, хагацал/уй гашуу, хувь хүний стресс, хүчирхийлэл (гэр бүлийн, хосуудын, гудамж талбайн гэх мэт). Мөн, гэртээ ахмад настай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асран халамжилдаг бол түүнээс үүдсэн стресс гэх мэт хүний амьдралд тохиох бүхий л асуудлуудын үед хандаж болно. Мөн харилцаанд үүссэн бэрхшээлийн үед та сэтгэл зүйчид хандаж болно. Үүнд хосын, гэр бүлийн, хүүхэд, найз нөхөд, ажлын гэх мэт. Мөн, ажлын байран дахь зөрчил, ажлын гүйцэтгэл, ажлын стресс гэх асуудлуудаар сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хандаж болно.
Эдгээрээс гадна сэтгэцийн эмгэгийн шинжтэй жишээлбэл, хоёр туйлт эмгэг, сэтгэл гутралын эмгэг, шизофрен гэх мэт сэтгэцийн эмгэгтэй бол сэтгэцийн эмчид эсвэл нарийн мэргэшсэн, олон жилийн туршлагатай сэтгэл засалчтай уулзах хэрэгтэй байдаг.
- Сэтгэл хөдлөл зан үйлийн асуудал гэж яг юуг хэлээд байна вэ?
- Хүний сэтгэл зүйн байдал дотоод, гадаад гэсэн хоёр шинжээр илэрч байдаг. Түүний дотоод шинжээр нь илэрч байгаа байдал нь сэтгэл хөдлөл, гадаад шинжийн илрэлийг нь төрөх үйл гэж нэрлээд байгаа. Төрөх үйл зан үйл нь хүмүүст харагдаж байгаа байдал гэдэг утгаараа хүмүүсийн анхаарлын төвд нэлээд өртдөг. Тэгэхээр архи уугаад, тамхи татаад, мансууруулах бодис хэрэглээд, цахим тоглоомд донтоод, гэмт хэрэгт орооцолдоод, хүчирхийлэл үйлдээд байгаа зэрэг нь зан үйлийн байдлаар илэрч байгаа байдлыг гэж хэлнэ. Сэтгэл хөдлөлийн хувьд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, айдсаар илэрнэ. Хүүхдүүдийн хувьд сэтгэл гутралаас үүдэлтэй амиа хорлолт ихэсч байгаа нь сэтгэл хөдлөл зан үйлийн илрэл.
- Энэ эрсдлээс сэргийлэхийн тулд ямар зөвлөмж өгч байгаа вэ?
- Сэтгэцийн эмгэгийн талаар хэд хэдэн чиглэлээр зөвлөж гаргаж байна. Бодлого боловсруулагчийн түвшинд Сэтгэцийн эрүүл мэнд II хөтөлбөр байдаг. Хөтөлбөрийн санхүүжилт гэж байдаггүй учир энэ хөтөлбөр сайн хэрэгжиж чадахгүй байгаа тийм учраас энэхүү үйл ажиллагааг дэмжихийг Засгийн газар, бодлого боловсруулагч нараас хүссэн. СЭМҮТ энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа, суурь судалгаануудыг үе шаттайгаар тав таван жилийн давтамжтайгаар хийх шаардлагатай гэсэн зөвлөмжүүд гарч байгаа. Дээр нь хүүхэд өсвөр насныхны гол асуудал гэр бүл рүү чиглэсэн байдаг учраас Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтрах, гэр бүл рүү чиглэх ажлуудыг хийх шаардлагатай байна.
- Сэтгэлзүйн тал дээр бидний гаргадаг нийтлэг алдаа юу юм бол?
Ганцаардах, сэтгэл хоосрох, өөртөө итгэлгүй байх, гутранги болох, айдаст автах, уур уцаартай болох, нойргүйдэх, дуу чимээ чийртэ санагдах, бусадтай үр дүнтэй харицаж чадахаа байх, амиа хорлох тухай бодож эхлэх зэрэг сэтгэлзүй, сэтгэцийн асуудлын ноцтой шинж тэмдгийг үл тоох, өөрөө намжаах гэж хичээх, тайвшуурлах эм бэлдмэл дур мэдэн хэрэглэх, найз нөхөд, бусдын үгэнд автах гэх мэт хандлага, үйлдлүүд нь асуудлыг улам бүр хүндрүүлдэг байна. Та битгий эдгээр алдааг давтаарай.
- Сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл юу вэ?
- Мэдээж хамгийн түрүүнд нөлөөлөх хүчин зүйл бол гэр бүл болон сургуулийн орчин. Судалгаагаар гэр бүлийн салалт, эцэг эхийн архидалт зэрэг асуудлууд нь зан үйлийн эмгэгт өртөхөд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл болж буй нь харагдсан. Тиймээс бага наснаас нь хүүхдүүддээ цаг гаргах, найз нөхдийн харилцаанд нь анхаарлаа хандуулах мөн гэр бүл өөрөө зөв байх хэрэгтэй. Гэр бүл салдаггүй, хүүхдүүдтэйгээ хамт байх, гэр бүлдээ архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй сөрөг зан үйлүүдийг гаргадаггүй баймаар байна. Тэгэх юм бол аав ээжийг харж өсч хүмүүжиж байгаа хүүхэд анхнаасаа эерэг зөв суурьтай, зөв зан үйлтэй хүүхэд болон төлөвшинө. Тэрнээс биш заавал өсвөр насанд нь тусгайлан өөр нэг арга зүйгээр ажиллаад байх шаардлага байхгүй. Хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлж өсгөх нь хамгийн зөв арга гэж ойлгож болно.
- Ярилцсанд баярлалаа
Ц.Наранцацрал