Гадаад харилцаа: Гурван хэмжээст тайлан
16 цаг 47 мин

Гадаад харилцаа: Гурван хэмжээст тайлан

Өчигдөр Улсын Их Хурлын чуулганаар Хятадтай хамтарч Гашуунсухайтын боомтын төмөр замыг бүтээн байгуулах, Оростой хамтарч Дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөж шинэчлэх, Францтай хамтарч ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолуудын төслийг хэлэлцэж батлав, чуулганыг үзээд урьд нь харсан хачин танил юм шиг сэтгэгдэл төрөв. Ерөнхий сайд өмнөх мега төслүүд гацсан шалтгааныг хамгийн түрүүнд олон улсын геополитикийн нөхцөл байдал болон гадаадын тусгай албадын шууд ба шууд бус нөлөөлөл гэж дүгнэн хэлэхэд гэнэт санаанд орлоо, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгийн нэг ярилцлага.

 

Өнгөрсөн 4 жил тэрээр хэвлэлд, миний олж мэдсэнээр 20 орчим ярилцлага өгчээ, гүүгэлдэж үзэхээр бүгд гарч ирж байна. Нэг ярилцлагадаа тэрээр “манай гадаад бодлогын амин сүнс нь харилцааны тэнцвэртэй байдал” гэжээ. Төр ямар ч тохиолдолд үндэсний ашиг сонирхолоо хамгаалж аюулгүй байдлаа хангах ёстой. Бүх улс орон ийм эрмэлзэлтэй тул нэг улсын ашиг сонирхол нөлөө улсынхтай үргэлж зөрчилдөнө. Тэгэхээр олон улсын харилцааны бүх зөрчил үндэсний ашиг сонирхолоо хамгаалах гэсэн эрмэлзэлтэй холбоотой. Ийм нөхцөлд хамтын ажиллагаа ашиг сонирхол төстэй үед л хэрэгжих боломжтой. Аливаа төрийн гадаад улс төрийн ашиг сонирхол олон улсын тавцанд нэр хүндээ өсгөх, гадаад аюулгүй байдлын орчин нөхцлөө сайжруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зэрэг дэс дараалалтай. Тэгэхээр олон улсын харилцаа хүчний тэнцвэртэй харьцаанд тулгуурладаг, энэ харьцаанд тулгуурласан дэлхийн дэг журам олон хувилбараар тогтнож болдог ажгуу.

 

Дэлхийн дэг журам нэг туйлтай, эсвэл олон туйлтай байж болдог. Өнөөдөр Америк нэг туйлт загварыг, Орос, Хятад олон туйлт загварыг хамгийн тохиромжтой гэж үзэж байна, том гүрнүүдийн талцал хуваагдал, сөргөлдөөний үндсэн зөрчил нь энэ.

 

Аливаа том гүрэн технологи, эдийн засаг, соёлын хувьд хүчирхэг байж том гүрнийхээ үүргийг гүйцэтгэнэ, орчин цагт хатуу хүчний бодлогоор нөлөөгөө тэлэх оролдлого үр ашиггүй гэдгийг Авганистан, Ойрх Дорнод, Украины дайн тодорхой харуулж байна. Ийм нөхцөлд том гүрэн шинжлэх ухаан технологи, нийгмийн дэвшлийн тэргүүн эгнээнд явах ёстой, хоцрох юм бол дотоодын хямрал үүснэ, өрсөлдөгч улс нь ийм хямрал өдөөхийг үргэлж эрмэлзэнэ. Том гүрний үүрэг гэдэг нь хүч хуримтлуулахаас гадна ойр тойрныхоо жижиг улсыг нөлөөндөө байлгаж явдал суудлыг нь зааж өгөх явдал, үгэнд орохгүй бол үе үе шийтгэж хүчтэй нөлөөтэй гэдгээ харуулах ёстой.

 

Хүч хуримтлуулахын тулд том гүрэн нөөц баялгийн шинэ эх сурвалжийг тогтмол эрж хайдаг, ингэхдээ дотоодын баялагийг ашиглахаас гадна хөрш зэргэлдээ жижиг улсынхаа баялагийг давуу эрхтэйгээр эзэмших шаардлагатай болдог, үүний тулд ямар ч арга, хэрэгсэл ашиглахаас цээрлэдэггүй. 

 

Олон улсын тавцанд нэр хүндээ өргөхийн тулд том гүрэн үнэнч холбоотнуудтай байх ёстой, холбоотны харилцаатай улсуудаас гадна заримдаа төвийг сахиж, заримдаа холбоотноо солих бэлтгэл нөөцийг бас бүрдүүлдэг. Холбоотон улсуудтайгаа нийлж том гүрэн олон улсын харилцааны өөрийн гэсэн тогтолцоог байгуулдаг, зарчим болон дүрмийг нь өөрөө тодорхойлно, дүрэм дагасаных нь хариуд буулт хийнэ, хөрөнгө зардал гаргаж эдийн засгийг нь дэмжиж тордоно.

 

Хүч нь суларч нөлөөгөө алдах аюул тулгарсан том гүрэн статусаа хадгалж үлдэхийн тулд ямар ч арга хэрэглэхээс буцахгүй болдог. Хүчтэй нөлөөтэй хэвээр гэдгээ нотлохын тулд дайн хийхэд бэлэн байдаг тул энэ нь түүхийн хамгийн эгзэгтэй үе болно. Энэ эгзэгтэй үед Б. Батцэцэг сайд Монгол Улсын гадаад бодлогыг Орос, Хятад, гуравдагч хөрш гэсэн 3 хэмжээстэй гэж үзжээ. Түүнийхээр бол Орос, Хятад хоёртой манай улс тэнцвэртэй харилцах ёстой, Орос, Хятадын харилцаа нийлбэр дүнгээрээ гуравдагч хөршийн харилцаатай тэнцвэртэй байх ёстой. Манай үндэсний аюулгүй байдлын баталгаа нь ердөө энэ, өөр сонголт байхгүй аж.

 

https://i0.wp.com/function-x.ru/image/cart_coord3.jpg

 

Б.Батцэцэг сайдын эдгээр ярилцлагыг уншиж үзэхээр өнгөрсөн 4 жилд манайх хүлээж авсан өндөр, дээд хэмжээний айлчлалуудын логик нь ойлгогддог юм. 2022 онд бил үү дээ, Оросын гадаад хэргийн С. Лавров сайд манайд айлчилаад сарын дараа Хятадын Ван И сайд ирсэн санагдаж байна. Дараа нь Европын Холбооны нилээд олон сайд ирсэн. Тэгээд дээд хэмжээний олон айлчлалууд шил шилээ даран цуварсан.

 

Өчигдрийн чуулганы өмнөх өдөр ГХЯ тайлангийн хурлаа хийж сайд нь өндөр, дээд хэмжээний айлчлалын тоо, давтамж түүхэн дээд түвшинд хүрсэн гэдгийг тэмдэглэжээ. Энэ онд Ерөнхийлөгчийн түвшинд 15, УИХ-ын даргын түвшинд 3, Ерөнхий сайдын түвшинд 8, Гадаад харилцааны сайдын түвшинд 8 айлчлал хэрэгжүүлж Засгийн газар хоорондын комиссын 6 хуралдаан, мөн бусад улсын ГХЯ-тай нийт 19 зөвлөлдөх уулзалт зохион байгуулж. Өөрөөр хэлбэл өчигдрийн чуулганаар хэлэлцэж баталсан асуудлууд ГХЯ-ны өдөр тутмын ажлынх нь оргил туйл учраас дотоод улс төр гэхээсээ илүү геополитикийн өнцгөөс харахад илүү ойлгомжтой олон улсын улс төрийн үйл явц байсан аж.

 

Б. Батцэцэгийн хувьд дэлхийн улс төрийн үнэхээр эгзэгтэй үед гадаад харилцааны сайдаар томилогдсон юм. Ковид-19 халдварын ид тархалтын үеэр манайх идэвхтэй элчин харилцааны хүчинд вакцины нөөцийг амжилттай бүрдүүлж, олон мянган иргэдээ хилийн чанадаас гэрт нь авчирч, цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулаад дэлхий ертөнц одоо л нэг хуучин горимдоо орох нь уу гэтэл Украины дайн дэгдэж, дайнаас үүдэлтэй талцал хуваагдал дээд цэгтээ хүрч, хангалт нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаж, манайх шиг хязгаарлагдмал сонголттой улс орнуудад тэр чигээрээ тулгалт шахалт, тунирхал айлгалт хэлбэрээр олон сорилт тулгарсан.

 

Яг ийм хүнд хэцүү, ээдрээтэй үед Гадаад харилцааны сайдын албан тушаалыг хаших хувь тохиосон хүн нь хуучин ЗХУ-д МГИМО төгссөн технократ биш, дотооддоо МУИС-ийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсөж Нидерландад магистр хамгаалсан эмэгтэй бол таарав. Эхэндээ түүнд эргэлзсэн, үл итгэсэн хандлага тээж явсан мэргэжлийн дипломатчид, тэдний ахмад үеийхэн цар тахлын үед ГХЯ-ны хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудыг нааштай үнэлэхдээ ихэнхдээ эмэгтэй сайдынх нь харизм, бусдыг татах хувийн чанартай холбон ойлгож байсан бол Украины дайны эхний 2 жил түүний явуулсан бодлого, хэрэгжүүлсэн айлчлалуудынх нь цар хэмжээг гэнэт анзаарахдаа энэ цаг үед гадаад харилцааны сайд нь өөр хүн байсан бол хэцүүхэн юмны ард хүндхэн гарах байж дээ гэж ярих хүртлээ хандлага нь өөрчлөгдөж, гадаад бодлогын нарийн төвөгтэй асуудлаар аливаа шийдвэр гаргахдаа дээр дооргүй ГХЯ-ны саналыг юун түрүүнд үндэслэл болгодог аятайхан жишиг тогтсон билээ.

 

Үүнийг дахиад л эмэгтэй хүний хүчин зүйл, хувь хүний чанартай холбох хандлага үе үе цухалздаг ч ерөнхийдөө бол гадаад бодлогын томоохон стратегич, дэлхийн хэмжээнд тэргүүлэх дипломатч гэдгийг мэргэжлийн хүрээнд төдийгүй гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлыг судалдаг эрдмийн ертөнцөд хүлээн зөвшөөрөх болсон.

 

Хэвлэлд өгсөн ярилцлагуудаас нь үзэхэд энэ бүхэн мэдээж оргүй хоосон зүйлээс бий болоогүй, өөрөө аяндаа бүтээгүй гэдэг нь харагдаж байна. Түүнд мэргэжлийн сайн баг байсан, хамгийн гол нь нэгэнт тогтсон, өөрийн гэсэн үзэл баримтлал, онолын бат нот үндэслэл байсан аж.

 

Тэрээр гадаад бодлогын харьцангуй тогтвортой чиг хандлагыг гадаад аюулгүй байдлын орчин нөхцлөөс шууд шалтгаалсан идэвхгүй, үлбэгэр аялдан дагалт гэхээсээ илүү эхнээсээ тооцоотой, тасралтгүй үргэлжилсэн, гүнзгий үндэслэлтэй, нэгдмэл чанартай үйл явц гэж үзэж.

 

Өнөөдөр дэлхий дахины байдал маш төвөгтэй болж, ихэнх улс орнуудад хожмын үр дагаварыг нь урьдчилж таахын аргагүй хүнд хэцүү сорилтууд тулгарч, өнөөдрийн сонголт буруу зөв эсэхээс нийт улс үндэстнийх нь цаашдын ирээдүй шалтгаалж ч магадгүй амаргүй бэрх хатуу нөхцөл үүсээд байна.

 

Ийм цаг үед Монгол Улсын газарзүйн онцгой өвөрмөц байршил, улс төр, эдийн засгийн хараат байдал, далайд гарцгүй түгжигдмэл нөхцөл бидний боломжийг дээд зэргээр хязгаарлах шинжтэй. Дайнтай мөргөлдөөнтэй, өрсөлдөөнтэй тэмцэлтэй өнөөдрийн хатуу харгис ертөнцөд ардчилсан тогтолцоотой, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой жижигхэн улс хөгжлийн бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэхдээ хоёр хөрш болон гуравдагч хөршийнхөө ашиг сонирхолыг заавал харгалзаж үзэхээс өөр аргагүй болдог аж. Өнөөдөр нийгмийн сүлжээнд Оростой хамтарч ТЭЦ  барих нь эрчим хүчний бие даасан байдалд сөргөөр нөлөөлнө, Хятадтай нарийн царигаар холбогдох нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна, ураны олборлолт байгаль орчинд хортой зэрэг өргөн хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ гурван асуудлыг тус тусад нь авч үзвэл тийм ч байж магадгүй. Цогцоор нь авч үзвэл Б. Батцэцэг сайдын нөгөө Монгол Улсын гадаад бодлогын амин сүнс гэж яриад байдаг тэнцвэртэй харилцааны үндсэн агуулга аж. Улсын Их Хурал энэ 3 асуудлыг нэг өдөр зэрэг шийдсэн нь манай гадаад бодлогын, дэлхийн улс төрийн томоохон алхам байж.

 

Өчигдрийн чуулганд Б. Батцэцэг сайд үг ч хэлсэнгүй, асуулт ч асуусангүй, зүгээр даруухан сууж харагдсан. Одоо бодоод байх нь ээ, өчигдрийн чуулган ГХЯ-ны тайлангийн хурлын шууд үргэлжлэл, тэгэхдээ бүр оргил туйл нь байж. Чухам үүнийг л энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого гэдэг ажгуу.

                                                                           У. Молом

Shuud.mn
Сонин хачин
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2024-12-27