Судалгаагаар Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд вэйп буюу электрон тамхийг байнга хэрэглэдэг бөгөөд тэдний 20 хүүхэд нь уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хяналт шалгалт хийхэд өдөрт 100 гаруй электрон тамхийг тогтмол хураан авч байгаа бөгөөд 2024 онд эцэг эхчүүдээс электрон тамхитай холбоотой 50 гаруй гомдол мэдээлэл сургуулийн захиргаа болон сум, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлжээ.
Эцэг, эх асран хамгаалагчид, ерөнхий боловсролын сургуулиудын захиргаанаас вэйп буюу электрон тамхийг худалдан борлуулахыг хориглох талаар удаа дараа хүсэлт гаргасан тул аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 27 суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон супер маркет, сүлжээ дэлгүүрүүдтэй харилцан зөвшилцөж, вэйп буюу электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй болсон байна.