Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр “Хүрээлэн буй орчин-Эрүүл мэнд”-ийн чиглэлийн салбар хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Уулзалтаар Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/482, А/657 тоот тушаалаар баталсан Агаарын чанарын, Ус, ариун цэврийн байгууламжийн, Химийн хортой болон аюултай бодисын, Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн, Уур амьсгалын өөрчлөлтийн, Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ зэрэг 6 Ажлын хэсгийн ажиллах журам, чиг үүргийг тодорхойлох, цаашдын үйл ажиллагааны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалтад Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Шинжлэх ухааны академи, АШУҮИС, ШУТИС, МУИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Wash Action ТББ зэрэг байгууллагуудын 50 гаруй төлөөлөл оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтын үр дүнд эдгээр Ажлын хэсгийн чиг үүргийг байгууллага тус бүрээр тодорхойлж, бүтэц, үйл ажиллагааны холбогдох журам боловсруулж, цаашдын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь зүйтэй болохыг тодорхойллоо.
Өнөөдрийн үйл ажиллагааг дэмжин оролцсон ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.