Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Уг төслийн хүрээнд Хэнтий аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн А байранд их засварын ажил хийгдэх юм. Тус байр нь дээврээс байнга дусаал гоождог тул тааз болон дотор хананы будаг холцорч хуурч, усны хаяалга суурилуулаагүйн улмаас гадна хана болон цонх ихээр элэгдэлд орсон. Бохирын шугам нь бөглөрдөг, халаалтын шугамын радиатор нь хагарч ус гоожсон байдалтай байгаа нь тус эмнэлгийн амбулаториор нэг жилд үйлчлүүлдэг 10,000 орчим иргэн, хэвтэн эмчлүүлдэг 400 гаруй иргэний эрүүл мэнд, эрүүл ахуйд ихээхэн хүндрэл учруулж байна. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудлууд шийдэгдэж, тус эмнэлгийн эмч, ажилчид болон тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж, сувилуулах нөхцөл боломж бүрдэх юм.
Энэ удаагийн төсөл нь Монгол улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 595 дахь, Хэнтий аймагт хэрэгжих 21 дэх, Батширээт суманд хэрэгжих анхны төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 121,521 ам.доллар (421,440,907 орчим төгрөг) юм.
Япон Улсын Элчин сайдын яам
Уншиж байна |