London Photography Awards уралдаан ердөө таван жилийн түүхтэй, гэхдээ хэдийнэ дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаанд тооцогддог болсон юм. Энэ уралдааны байгалийн гэрэл зураг төрөл нь олон нэр төрлүүдийн ердөө нэг хэсэг. Гэхдээ байгалийн хосгүй үзэсгэлэнг гэрэл зургийн хальснаа буулгасан байдгаараа энэ нэр төрөл хамгийн алдартай нь. 2023 оны уралдаанд дэлхийн 55 орноос нийт 3800 бүтээл илгээжээ. Эдгээрээс хамгийн шилдэг гэж үзэн дараах гэрэл зургуудыг шалгаруулсан байна.
"Загасчид "(Скотт Келби, АНУ)
Хятадын Гуйлинь тойрогт энэ зургийг авчээ. Эн.дэхийн эрчүүд загас агнуур хийдэг бөгөөд дэлхийд төдийлөн түгээгүй арга буюу шувуу сурган, загас бариулах аргаар ангийн олз хүртдэг гэнэ. Сургасан шувууд нь ус руу шумбаж, загас зуугаад, эргэн завин дээр гарч ирдэг аж. Эдгээр шувуу нь үүр цүүрээр илүү эрчтэй ажилладаг тул ийнхүү загасчид үүрээр гарч ирэн, зурагчны дуранд өртсөн нь энэ.
"Нугад налайх хонин сүрэг" (Эрик фон Шультесс, Швейцар)
Энэ гэрэл зураг дээр Швейцарын Церматтын хоёр бэлгэдэл хоёул багтжээ. Энэ нь хар толгойт хонь болон Маттерхорн уул юм.
"Номин шогшир" (Хисао Осоно, Япон)
Номин шогшир шувууны англи хэл дээрх нэрийг орчуулвал "хатан хааны загасчин" гэсэн утгатай. Энэ шувууг зүгээр ч нэг ингээд нэрлэчихээгүй. Номин шогшир шувуу асар хурдтайгаар гол руу шумбаж, загас шүүрэн авч нисдэг юм. Нүд ирмэхийн зуур өрнөх энэ загасчлалын агшинг Японы гэрэл зурагчин хальсандаа буулгаж амжжээ.
"Халимны сүүлний уран хөдөлгөөн" (Петер Восс, Герман)
Тэнгисийн хамгийн том амьтан болох халим Гренландын эрэг орчимд сүүлээрээ шарваж байна. Түүний сүүлний ирмэг хэсгээр хуучин шархны ул мөр харагдана.
"Эрвээхэйн нөлөө" (Кристи Голдштейн, АНУ)
Хүчит ойн хүрэн болон нэн эмзэг гоёмсог эрвээхэй гээд байгалийн хоёр өөр төлөөлөгч ийнхүү эв найрамдалтай оршиж байгаа мөчийн ховор агшныг Америкийн зурагчин гэрэл зургийн хальснаа буулгажээ.
"Вильяррика галт уулын хилэн" (Франсиско Негрони, Чили)
Вильяррика бол Чилигийн хамгийн аюултай галт уул, мөн Латин Америк дахь хамгийн идэвхтэй галт уулсын нэг. Энэ гэрэл зургийг өглөө авсан бөгөөд энэ үед галт уул сэрж, үүлэн дээр нарны тусгал төдийгүй лавны туяа тусчээ.
Г.Бямбасүрэн