Номд дуртай хүн бүрийн хүсэн хүлээж буй 33 дахь удаагийн номын баяр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийн нээлтийн ёслолыг тавдугаар сарын 26-ны өдрийн 11 цагт Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ. “Номын баяр” Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын баярыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатай орон даяар зохион байгуулж байна.
Номын баяраар ирсэн хүмүүсийн 83.3 хувь нь 2 болон түүнээс дээш ном худалдан авдаг.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн “Мэргэн ном” шагнал, 2022 оноос эхлэн “Номын сайн нөхөр” уралдаан, улсын хэмжээний шагналыг олгож ном бүтээгчдээ урамшуулдаг болсон билээ. “Мэргэн ном” шагналыг олгохдоо хэвлэн нийтлэгч байгууллагаас Монголын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн, уншлагыг түгээн дэлгэрүүлсэн үйлсийг хөхиүлэн дэмжиж, үе дамжин яригдах үнэт номыг туурвисан бүтээлж хөдөлмөрийг урамшуулан гурван эрхэмд олгодог уламжлалтай.
Номыг эрхэмлэн дээдэлж ирсэн монголчууд номтой холбоотой төрөл бүрийн ажлыг эрдэмтэн мэргэдийнхээ санаачилга оролцоотой зохион явуулж иргэдийнхээ оюуны эрэлт хэрэгцээг хангаж ирснээс дурдвал: 1950 онд Хуучин номын худалдаа, 1955 онд Хүүхдийн номын зах, 1990 онд Номын баяр, үзэсгэлэн, 1999 онд Номын яармаг, 2000 онд “Бичиг соёлын хишиг өдөр”-ийг тэмдэглэж ирсэн ч үйл ажиллагаа нь тогтмолжоогүй байв.
Энэ өдрүүдэд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
Нэн шинэ, үнэт ховор ном, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа,
зохиолч уншигчдын уулзалт,
уран зохиолын уншлага,
сонсдог номын цаг,
яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээ.
Харин 2007 оноос эхлэн “Номын соёлт ертөнц” ТББ-ын бүтээлч хөдөлмөр, санаачилгаар Номын баярыг жил бүрийн хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулж өдгөө 33 дахь удаагийн номын баяраа тэмдэглэж байна.
Уншиж байна |