Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2023 оны 06 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01 хүртэл нэг яам, хоёр агентлаг, нэг аймаг, нэг сумыг сонгож, төрийн үйлчилгээний загвар болгох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, ХНХЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, НДЕГ, Төв аймгийн Шаамар сумыг загвар болгон хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Иргэн төрд аливаа асуудлаар хандахад 5-6 шат дамжлагийг дамждаг. Энэ бол маш их хүнд суртал байгаагийн тод илрэл. Тиймээс Засгийн газар нэг иргэний асуудал хоёроос илүү шат дамжлага дамждаг байж болохгүй гэсэн зарчмаар ажиллаж байна.
Засгийн газрын шийдвэр амьдралд хэрэгжихдээ алдаа дутагдал ихтэй гэдэг шүүмжлэл их ирдэг. Цаашид Засгийн газар улс орны хэмжээний шийдвэр гаргахдаа тодорхой түвшинд туршиж үздэг, зөв гэдгийг баталсны дараа улс орон даяар хэрэгжүүлдэг болно” гэв.