Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн талаар өнөөдөр /2023.05.19/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “БЗС-ийн ил тод мэдээллийг улс төрд тодрох зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна. Иргэн О.Батнайрамдал бол МАН-ын нарийн бичгийн дарга, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааг бүдгэрүүлэх, иргэдийг төөрөгдүүлэх буруу ташаа мэдээлэл хийсэнд гүнээ харамсаж байгаа”-гаа илэрхийлж, О.Батнайрамдалын хийсэн мэдээлэлд тайлбар хийлээ.
Боловсролын салбарын зургаан сайд нийт 80.2 тэрбум төгрөгийн зээлийг дуусгавар болгож, гэрээг хаасан гэх мэдээллийг О.Батнайрамдал хийсэн. Тэгвэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 48 тэрбум төгрөгийн гэрээг дүгнэсэн гэж тайлбарлав.
Мөн салбарын сайд "Боловсролын зээлийн сангийн зээл нь үл хөдлөх хөрөнгөөр баталгааждаг. Өнөөдрийн байдлаар 123.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1244 үл хөдлөх хөрөнгө барьцаанд байна. Үл хөдлөх хөрөнгө барьцаанд байдаг учраас Засгийн газрын тогтоолын хүрээнд үе үеийн сайд нар гэрээг дүгнэдэг. Хууль бусаар зээлийг тэглэж, чөлөөлдөг гэх асуудал байхгүй" гэв.
Боловсролын зээлийн сангийн гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүний 27 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хуулийн байгууллагад шалгагдаж байна.