УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн 08 дугаар сард УИХ 34, 54 дүгээр тогтоол гаргаж, ҮХЦ-ийн 01, 02 дүгнэлттэй холбогдуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг судалж, боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар нэлээд удаан хугацаанд судалж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан. Төслийг боловсруулж, иргэд, улс төрийн намууд, ТББ-уудаас санал авахаар танилцуулга өгсөн.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Засгийн газраас УИХ-д суудалтай болон суудалгүй намуудад Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж, тодорхой санал ирүүлэх хүсэлтийг өгсөн. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн бүлгийн хурлаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Ингээд Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжиж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн бүлэг өнөөдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах болон томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөхийг дэмжсэн байна.
Уншиж байна |