БНХАУ-ын дарга Ши Жинпинь Орост төрийн айлчлал хийхээр гуравдугаар сарын 20-ны үдэш газардсан. Улмаар айлчлалын эхний өдрөө Путинтэй албан бус уулзалт хийсэн тэрбээр гуравдугаар сарын 21-ний өдөр Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай албан ёсны хэлэлцээ хийж, үүний дараа Кремлийн ёслолын танхимд хүндэтгэлийн зоогонд уригджээ.
Хятадын төлөөлөгчдийг дайлах хоолны талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлэл хийхдээ БНХАУ-ын дарга Ши Жинпиньд зориулж орос зайрмагийг "үргэлж бэлэн байлгадаг" хэмээсэн байна.
Орос зайрмаг, тэр дундаа "Чистая линия" компанийн Пломбир зайрмагт Ши Жинпиньд дуртай талаарх мэдээлэл олон жилийн өмнө гарч байсан юм.
Тухайлбал, 2016 онд Владимир Путин Хятадад айлчлахдаа Ши Жинпиньд зориулж нэг хайрцаг Пломбир зайрмаг авч очжээ. Энэ бэлгэнд Ши Жинпинь ихэд баярлаж, Орост очих болгондоо орос зайрмаг авдаг хэмээн өгүүлж байсан аж. Үүнээс гурван жилийн дараа Ши Жинпиний төрсөн өдрөөр Путин орос эскимо зайрмаг өгчээ.
Энд дуулгахад, Зөвлөлтийн үед үйлдвэрлэж байсан пломбир зайрмагийг "Чистая линия" компани 2007 оноос эхлэн үйлдвэрлэх болсон байна. Зайрмагийг үйлдвэрлэхдээ 1943 оны стандарт, технологийг баримталдаг гэж компанийнхан ярьж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |