"Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Оросоос явсан" уран бүтээлчдийн ОХУ-ын иргэншлийг хасаж магадгүй гэж Оросын Соёлын яамнаас авсан эх сурвалжтайгаар "ProЗвезд" мэдээлжээ.
"Тэдний "ардын болон гавьяат" цолыг хурааж, Оросын иргэншлээс хасаж магадгүй талаар мэдээлсэн" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Цол болон иргэншлээ алдаж болзошгүй уран бүтээлчдийн дунд Алла Пугачева, Андрей Мокаревич нар багтаж байгаа гэнэ.
Энд дуулгахад, өнгөрсөн сард Оросын алдарт жүжигчин Максим Галкин Украин руу халдсан Оросын түрэмгийллийг ил тодоор шүүмжилснийхээ төлөө "гадаадын агент" гэсэн жагсаалтад орсон юм.ОХУ-д "Арилжааны бус байгуулагуудын тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар "гадны агент" гэх статус бий болж, гадаадаас дэмжлэг авдаг, "гадаадын улс орны нөлөөнд байдаг" гэх этгээдүүдийг "гадны агент" гэсэн жагсаалтад оруулж, хараат бус хэвлэлүүд, Оросын төр засгийг шүүмжилсэн хүмүүс "гадаадын агент" гэх нэр зүүх болсон юм. Ийнхүү нөхөр нь "гадны агент" гэсэн жагсаалтад багтсаны дараа Алла Пугачева өөрийг нь ч мөн энэ жагсаалтад оруулахыг хүссэн мэдэгдэл хийж байлаа.
"ОХУ-ын Хуульзүйн яаманд хүсэлт гаргах нь. Эх орондоо хөгжил цэцэглэлт, тайван амьдрал, үг хэлэх эрх чөлөөг хүсдэг, манай улсыг адлагдсан орон болгож, иргэдийн амьдралыг хүндрүүлж байгаа төөрөлдсөн зорилгын төлөө манай залуусын амийг зольж байгааг зогсоохыг хүсэж байгаа үнэнч, шударга, Оросын худалдагддаггүй эх оронч хүн болох нөхөртэйгээ санал нэг байгаа тул миний хайртай орны “гадны агентуудын” жагсаалтад намайг оруулж өгнө үү" хэмээн Алла Пугачева Твиттер хуудсандаа бичиж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |