Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхэлснээс хойш анх удаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өмнө мягмар гарагт үг хэлэхээр болжээ. Одоогоор түүний хэлсэн үгийг бичлэгээр дамжуулах эсвэл цахимаар шууд холбогдон үг хэлэх эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт Оросын цэргүүд ухарснаас хойш энгийн иргэдийн цогцос олноор олдсон Буча хотыг тойрсон нөхцөл байдлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэлэлцэх гэнэ.
"Дэлхий дахин геноцид гэж хүлээн зөвшөөрч буй цэргийн гэмт хэрэг" хэмээн Зеленский Буча хотод байдалтай танилцсаныхаа дараа мэдэгдэж байв. Тэрбээр Буча хотод энгийн иргэдийг хөнөөсөнтэй холбоотойгоор нээлттэй мөрдөн шалгалт явуулах ёстой гэж мэдэгдсэн бөгөөд эмгэнэлт явдалд буруутай этгээдүүдийг тогтоохын тулд Украины мөрдөн байцаагчид чадах бүхнээ хийнэ хэмээн онцолсон юм.
Г.Бямбасүрэн