Хятад улс АНУ-тай хамтран ажиллахыг дэмжинэ, гэхдээ сөргөлдөхөөс ч айхгүй, сөргөлдөөн гарвал "ялалтын төгсгөл хүртэл зогсоно" хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.
"Хятадын байр суурь тодорхой, мөн өөрчлөгдөхгүй. Хэлэлцээ хийвэл эрх тэгш байна, хамтын ажиллагааг нааштай хүлээж авна, гэхдээ харилцан ашигтай байх ёстой. Өрсөлдөөн эерэг байх ёстой. Сөргөлдөхөөс бид айхгүй, ялалт байгуултлаа бид зогсоно" гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И олон улсын нөхцөл байдал, Хятадын дипломатын сэдвээрх бага хурлын үеэр мэдэгджээ.
АНУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа нь хоёр талд ашигтай бол энэ хоёр орны сөргөлдөөн нь бүгдэд сөрөг үр дагавар авчирна гэж Ван И цохон тэмдэглэсэн байна. Сүүлийн жилд сөргөлдөөн хурцдаж байгаа нь АНУ Хятад болон Хятад, Америкийн харилцаанд стратегийн буруу үнэлгээ өгсөнтэй холбоотой бөгөөд ийнхүү ташаарсаны улмаас АНУ, БНХАУ-ын харилцаа олон хүндрэл, сорилттой нүүр тулсан гэдгийг харуулсан хэмээн Ва И мэдэгджээ.
"АНУ-д байгаа зарим хүмүүс бусад орнууд ч хөгжих эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Хятад улс аажмаар бэхжиж, хөгжиж байгааг хүлээн авахыг хүсдэггүй, АНУ, Хятад харилцан ашигтай хамтын ажиллагааны замаар замнаж болно гэдэгтэй санал нийлэхийг хүсдэггүйн дээр Хятадыг тогтоон барих, дарахыг хичээдэг" хэмээн Хятадын гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.
АНУ, Хятадын харилцаа
Сүүлийн үед АНУ, Хятадын харилцаа ихээхэн хурцадмал байдалд шилжсэн юм. Ийнхүү хурцдахад олон зүйл нөлөөлдөг. Эдгээрийн нэг нь барууны орнууд Хятадыг үндэсний болон шашны цөөнхүүдийн эрхийг ноцтойгоор зөрчдөг гэж үздэгтэй холбоотой. Барууны орнууд тэр дундаа АНУ БНХАУ-ыг засан хүмүүжүүлэх лагерь байгуулсан, тэндээ нэг сая орчим уйгурыг албадан байлгаж, хөдөлмөрийг нь мөлждөг хэмээн буруутгадаг.
Улмаар энэ сард АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд "уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байгааг таслан зогсоох тухай" хуулийн төслийг дэмжсэн юм. Энэхүү хуулийн төсөлд Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос бараа бүтээгдэхүүн импортлоход хязгаарлалт тавих, Хятадын энэ бүс нутагт "хүний эрхийг зөрчиж байгаа"-д хариуцлага хүлээх ёстой гэж АНУ үзэж буй Хятадын байгууллага, хувь хүний эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Уйгурууд болон бусад үндэсний цөөнхүүдийн эрхийг ноцтой зөрчдөг гэдгийг Хятадын эрх баригчид удаа дараа няцаадаг ч Барууны орнууд Хятадын эсрэг олон хязгаарлалт тавьсаар ирсэн. АНУ дээрх хуулийн төслийг дэмжсэнийхээ дараа Хятадын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон технологийн компаниудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон юм. Түүнчлэн Хятадад болох Өвлийн олимпын наадмыг бойкотлохоор болсон нь харилцааг улам хурцатгах нэг шалтгаан болсон.
Харилцаанд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь Батлан хамгаалахын салбар дахь өрсөлдөөн юм. Их гүрнүүдийн дунд "зэвсэглэлээр хөөцөлдөх" үзэгдэл дахин гарч, зэр зэвсгээ нэгнээсээ өрсөн сайжруулсаар байгаа.
Түүнчлэн энэ онд АНУ, Их Британи, Австрали хамтран шинэ "түүхэн батлан хамгаалах эвсэл" гэгдэх AUKUS байгуулсаныг Хятад улс таагүй хүлээж авсан. Эвслийн хүрээнд Австрали улс Тэнгисийн цэргийн флотдоо зориулж дор хаяж найман атомын шумбагч онгоц хүлээн авах юм. Энэхүү "гурван талт түншлэл" -ийг Хятад улс түүний бүс нутгийн нөлөөлөл, тэр дундаа Өмнөд Хятадын тэнгис дэх нөлөөллийг сөрөн зогсох оролдлого гэж хүлээж авна хэмээн шинжээчид үзэж байгаагийн дээр АНУ ч "Бээжинг сөрөн зогсохын тулд" ажлын хэсэг бүрдүүлж байгаагаа огт нуугаагүй.
Хоёр орныг "дайны ирмэгт" хүргэж мэдэх өөр нэг шалтгаан нь Тайванийг тойрсон асуудал юм. Хятадын Иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминьданы үлдэгдэл хүч Тайвань арал руу зугтан очсон 1949 оноос хойш Тайвань өөрсдийн захиргаатай оршиж ирсэн юм. Тэр үеэс хойш Тайвань эх газарт коммунистууд засгийн эрхэнд гарахаас өмнө оршиж байсан Бүгд Найрамдах Хятад Улсын далбаа болон бусад зүйлийг ашигласан хэвээр байгаа. Харин Бээжин Тайванийг БНХАУ-ын нэг муж хэмээн үздэг юм. Тиймдээ ч энэ улстай харилцаа тогтоосон орнуудыг шүүмжилж, "Нэг Хятад" зарчмыг хүндлэхийг шаарддаг. Мөн энэ оны зун Хятад улс Тайванийн арал руу удаа дараа байлдааны онгоц илгээж, энэ нь "Хятад тун удахгүй Тайванийг зэвсгийн хүчээр эзлэн авахын дохио" хэмээн шинжээчид үзэж байлаа. АНУ Хятадыг Тайвань руу дайрсан тохиолдолд холбоотноо хамгаална гэж мэдэгдэж, Америкийн конгрессын гишүүд Тайвань аралд цэргийн онгоцоор айлчилсан нь Хятадыг ихээхэн бухимдуулж, энэ улс армиа бэлэн байдалд ч оруулж байв.
Г.Бямбасүрэн