Дэлхий дахинаа коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн. Энэ хувилбарыг цаашид ДЭМБ-ийн журмын дагуу шинжлэх ухааны хэллэгээр Грек цагаан толгойн "Омикрон" үсгээр тэмдэглэх болсон байна. Одоогоор нийт зургаан оронд шинэ вирус бүртгэгдээд байгаа юм. Тиймээс өнгөрсөн амралын өдрөөр УОК шуурхай хуралдаж дараах шийдвэрийг гаргасан.
Шинэ хувилбар бүртгэгдсэн улс орнуудаас зорчин ирж байгаа, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх.
Тэдгээр улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвар өндөртэй эрсдэлтэй бүсээр аялсан зорчсон Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах
Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдоос шинжилгээ бүрэн авна
Хэрэв шинэ хувилбар бүртгэгдсэн улсад аялсан тохиолдолд эх орондоо ирэхэд нь 10 хоног тусгаарлана.
Мөн Шадар сайд С.Амарсайхан "хөл хорио тогтоох талаар ямар нэгэн яриа болоогүй цаг үеийн байдлаас шалтгаалж шийдвэр гаргана" гэсэн юм.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Шинээр бүртгэгдсэн хувилбартай холбоотой вакцин үр нөлөө хэр байх вэ гэсэн судалгааг Модерна компани Пфайзер компани болон бусад вакцин үйлдвэрлэгч бүх орнууд хийж байна. Тэгэхээр вакцины үр нөлөө хэр байх вэ гэдэг судалгаа бол 14 хоногийн дараа одоо хэрэглэж байгаа вакцинууд хэрхэн буурч байгаа судалгаа гарна. Олон судлаачид вакцины хамралт өндөр тэр дотроом бүүстер тунгийн хамралт өндөр улс орнуудад энэ вакцины халдварлах чадвар үзүүлэх нөлөө гэх мэтчилэн бусад нөлөө бага байх магадлалтай гэсэн урьдчилсан таамаглалыг гаргаж ирж байна. Тэгэхээр иргэд вакцины бүүстер тундаа хамрагдах нь хамгийн эхний алхам гэж харж байна” гэж мэдээлсэн.
Тэгвэл манай улсын дархжлуулалтын хувь ямар байна вэ?
нийслэлийн хэмжээнд I тунд 62, II тунд 110, нэмэлт сэргээх тунд 3802, нийт 3977 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 30.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.959 (76.5 хувь), 16-17 насны 26.724 (78.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Хэдийгээр I,II тунгийг хамрагдалт хангалттай сайн байгаа ч дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт төдийлөн сайн биш байна. Коронавирус цаашлаад шинэ вирусээс хамгаалах хамгийн чухал алхам бол вакцин юм. Мөн олноор цугларахгүй байх явдал.
Гэтэл гадуур шинэ жилийн захиалга арга хэмжээ зохион байгуулах газрууд захиалгандаа дарагджээ. Олон одон медалийн найр арга хэмжээ болж байна. Үүнээс болж коронавирусийн тархалт нэмэгдэж, цаашлаад шинэ хувилбар нь тархвал хэдэн хүн хорвоог орхиж, хэзээ бидний амьдрал энгийн горимдоо шилжихийг хэлж мэдэхгүй ээ. Мөн манай улсын иргэд олноор гадагшаа аялж байна. Хэдийгээр шинэ халдвар бүртгэгдсэн улс оронд аялсан тохиолдолд 10 хоног тусгаарлана гэж байгаа ч бүрэн судлагдаагүй вирус учир эрсдэлтэй. Иймд Энэ жилдээ аяллаас татгалзаж, шинэ жилийн баярыг өнжье.
М.Насан