2018 онд дуудлага худалдаагаар зарагдсаныхаа дараа жаазанд суурилуулсан цаасны хутгаар дамжин, "өөрийгөө устгасан" зураг дахин дуудлага худалдаагаар орж, 16 сая фунтээр зарагджээ.
Энэ зургийг алдарт гудамжны зураач Бэнкси бүтээсэн бөгөөд анхлаад " Бөмбөлөг барьсан охин" гэж нэрлэгдэж байв. Харин 2018 онд Лондонд болсон дуудлага худалдааны дараа хэдэн хэсэг болж зүсэгдсэн энэ зургийг "Хогийн саван дахь хайр" хэмээн өөрчлөн нэрлэжээ.
Дуудлага худалдаа зохион байгуулагчдын өгүүлснээр Бэнксигийн бүтээл "перформансын санаанд оромгүй бүтээл" болсон гэнэ. Цаас зүсэгчтэй жаазанд байрлуулж, зургийг устгасан үзүүлбэр нь "урлагийн бүтээлийг зүгээр нэг устгачихаагүй харин шинийг бүтээсэн хэрэг болсон" гэж дуудлага худалдааны газрын орчин үеийн урлагийн хэлтсийн захирал Алекс Бранзик онцолжээ.
2018 оны 10 дугаар сард Бэнксигийн "Бөмбөлөг барьсан охин" бүтээл дуудлага худалдаагаар орж, өндөр үнээр зарагдсаны дараа дуудлага худалдаанд оролцогчдын нүдэн дээр зураг устгагдаж байв.
Зурагны жаазанд цаас хэрчигч суурилуулсан байсан бөгөөд ийнхүү зургаа устгах болсон шалтгаанаа Бэнкси "Устгах эрмэлзэл бол мөн л уран бүтээлч сэдэл" хэмээн цахим хуудсандаа тайлбарлаж байлаа.
Жаазанд суурилуулсан цаас хэрчигч зөвхөн нэг хэсгийг устгаж, харин үлдсэн хэсэг шинэ урлагийн бүтээл болсон бөгөөд "Хогийн саван дахь хайр" нэртэй болсны дээр үнэ нь хоёр дахин өсч байлаа.
Дашрамд дуулгахад, Бэнкси бол Английн стрит арт андерграунд зураач, улс төрийн идэвхитэн, найруулагчийн нууц нэр юм. Түүний намтарын талаар маргаантай олон хувилбар бий. Тэрбээр 1990-ээд оны сүүлээс гудамжинд граффити зурах болсон ч түүнийг чухам хэн болохыг хэн ч мэддэггүй байв. Анхлаад Британи даяар алдартай болсон түүнийг өдгөө дэлхий дахинаа мэддэг болсон юм. Бэнкси нууц нэрээр бүтээл туурвидаг энэ зураач, найруулагчийг өнөө хэр нь хэн болох ямар зүс царайтайг хэн ч мэддэггүй.
Г.Бямбасүрэн