Монголын Тусгай Олимпийн Хороо (МТОХ) нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, Олон улсын Тусгай Олимпийн хөдөлгөөнд нэгдэн, үндэсний, бүсийн, олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирсэн билээ. Тусгай Олимп (ТО) нь спортоор дамжуулж Оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэх, урам зориг өгөх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй гэдгийг олон нийтэд таниулж, нийгэм дэх хандлагыг өөрчлөх зорилготой бөгөөд Тусгай Олимпийн Олон Улсын хорооны ивээл дор болдог бүхий л спортын арга хэмжээнд оролцох боломжоор ханган, спортоор хичээллүүлэхийг зорин, дэлхийн 190 гаруй улсын гишүүнчлэлтэй, 6 сая гаруй тамирчинтай Олон улсын Спортын Хүмүүнлэгийн байгууллага юм.
Тусгай Олимпийн Алсын хараа нь ирээдүйд хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, Хүртээмжтэй Нийгэм бий болгох явдал юм.
МТОХ-ны олон талт үйл ажиллаганы нэг хэсэг болох Хамтарсан Сургууль буюу “Unified school” хөтөлбөрийг нийслэл болон хөдөө орон нутгийн Их дээд, бага дунд, сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран хэрэгжүүлээд явж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Монгол Тэмүүлэл дунд сургуультай хамтран флорболлын төрлөөр нөхөрсөг тоглолтыг зохион байгуулж байна. Тусгай олимпийн өвлийн наадам “Казань-2022”-т оролцох эмэгтэй шигшээ багийн тамирчид түүний дотор манлай-тамирчид Ш.Урангоо, З.Баттулга, Н.Сарандагина, У.Хулан, И.Маралмаа, Г.Оунчимэг, Г.Уранчимэг, Б.Энхжин, Ж.Ануужин, П.Ануужин нар тоглох юм. Багийн дасгалжуулагчаар СХД-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн багш Л.Олонбаяр удирдаж байна. Covid19-ийн нөхцөл байдлаас болж өвлийн наадам 2023 оны 1-р сард болох бөгөөд 2000 орчим тамирчид уулын цана, гүйлтийн цана, уран гулгалт, цасны гуталтай гүйлт, тэшүүр-шорт трэк, флорболлын спортоор өрсөлдөнө.
Мөн энэ өдөр (ҮЦХ-ийн дарга Ү.Оюунзул, МТОХ-ны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг нар) үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Нийгмийн хариуцлагын хүрээнд оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусыг дэмжин ажиллахаар МТОХ-той санамж бичиг үзэглэж байна.
Уншиж байна |