УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжиллээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, "давхар дээл"-ийг тайлах заалтыг дэмжих эсэх санал хураалт явагдлаа. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Мөнхбат:
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, "давхар дээл"-ийг тайлах хоёр асуудлыг нэг санал болгожээ. Үүнийг тусад нь авч үзэх хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрх саналыг мөн дэмжлээ. Уг горимын саналыг гишүүд дэмжлээ.
"УИХ-ын гишүүн улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хашиж болохгүй" гэсэн заалтыг гишүүд дэмжсэнгүй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Тогтохсүрэн:
-Төхөөрөмж ажиллахгүй шалтгаанаар гишүүдийн санал эсрэгээр гараад байгаа учир энэ санал хураалтыг хүчингүй болсонд тооцох санал гаргаж байна. Мөн МАН-ын бүлэг энэ асуудалд байр сууриа нэгтгэж, тохирсон. Гэтэл тохирсоноосоо Засгийн газарт байгаа гишүүд, сайд нар эсрэг санал өгөөд байна. Тиймээс МАН-ын бүлэг хуралдана. Энэ асуудлыг хойшлуулъя гэлээ. Ийнхүү дээрх саналыг хойшлуулахыг гишүүдийн олонхи дэмжив. УИХ-ын дарга Г.Занданшатар:
-"Давхар дээл" өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд ард иргэдээс хамгийн их дэмжлэг авсан. Гишүүд ч "давхар дээл"-ийг тайлахыг дэмжиж байсан. Гэтэл ямар нэг шалтгаанаар унаж байгаа нь гайхашрал төрүүлж байна гэлээ.
Дараагаар нь УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа буцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татна" гэсэн саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.
Н.Энх