Лос Анжелес Лэйкэрс багийн холбон тоглогч Азаиа Томас ташааны гэмтлийн улмаас тоглож чадахгүй байна. Өнгөрсөн улирлын төгсгөлд хасагдах шатанд гэмтэл авснаасаа хойш энэ улирлын эхэн хэсгийг өнжсөн Томас ердөө 32 тоглолтод л оролцоод буй. Гэвч өнгөрсөн тоглолтыг өнөөх ташаа нь зовиурласан шалтгаанаар өнжсөн бөгөөд өнөөдрийн тоглолтод мөн оролцсонгүй. Улмаар багаасаа тусдаа Нью Иорк хот орж дахин оношлуулахаар болсон байна.
Энэ нь улиралд гэрээ нь дуусч чөлөөт агент болох ёстой Томас том гэрээ хийхийг хүсэж буй нь дамжиггүй. Учир нь тэрбээр замналынхаа турш 7.2 сая ам.долларын цалинг л хамгийн дээд тал нь авч байсан билээ. Мөн өнгөрөгч зун гэмтэл аваад мэс ажилбарт орохгүй байх шийдвэр гаргаж, энэ улирлыг торгоож, дахин 4 жилийн гэрээ хийх эрсдэл гаргасан билээ. Харамсалтай нь энэ нь тийм ч зөв шийдвэр байсангүй.
Одоогоор ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа ч иймэрхүү ташааны гэмтэл бол сагсан бөмбөгчдийн хувьд нилээн хүнд гэмтэлд тооцогддог аж. Учир нь ташаа нь гүйх, үсрэх гээд бүхий л хөдөлгөөнд оролцдог учраас гэмтэл сэдрэх, үрэвсэх зэргээр мөд эдгэрдэггүй талаар гадны эх сурвалжууд бичиж байна. Очсон газар бүртээ хөгжөөн дэмжигчдийн хамгийн дуртай тоглогч болж чаддаг Томасыг бид магадгүй дахин бүх одод болж гялалзахыг харахгүй ч байж мэдэх юм. НБА-д тоглож буй хамгийн намхан тоглогчийн хувьд магадгүй мэс ажилбарт яаралтай орж болох талаар ч сэтгүүлчид бичээд эхэлсэн нь харамсалтай.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |