Гудамж, замын халтиргаа гулгаа экс мээр Э.Бат-Үүлийг ингэтэл нь үнэд хүргэнэ гэж хэн санахав. Түүнийг санагалзсан хүмүүс хаа сайгүй. Нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид бүр Э.Бат-Үүлийг эргүүлэн авчрах челленж эхлүүлэх сурагтай.
Үүнтэй зэрэгцээд хотын дарга С.Батболдыг миалагчид ч энд тэндгүй. Цасыг С.Батболд орууллаа гэх нь холгүй түүнийг муулж байна. Олон нийтийн сүлжээгээр чамгүй хүчтэй балбуулсан хотын дарга захирамж гаргаж, нийслэлийн төр захиргааны бүх байгууллагын албан хаагчдаар амралтын өдөр цас цэвэрлүүлэв. Өөрөө ч үлдсэнгүй, хүрз бариад цас шидэв. “Цасаа цэвэрлээч, Батболд оо” гэж орилж байсан хүмүүст бас л таалагдсангүй. “Хүрз барьсан шоучин” нэртэй үлдэв. Ингэж өөрөө ч, өрөөлийг ч хөдөлгөж, бямба гаригт чамгүй зам талбайг цэвэрлэсэн ч тусыг олсонгүй. Ням гаригийн шөнө цан бууж, хяруу хаян өнөөх зам талбайг мөсөн гулгуур болгочихож. Дахиад л “Батболд оо, бодис модисоо цацаач” гэж агсамнагчид хаа сайгүй. Одоо С.Батболд шуудайтай давс, бодисоо бариад гудамж, замд цацах л үлдээд байна.
Өөрөө хүрз бариад ч цас мөсийг дийлэхгүйгээ мэдсэн хотын дарга цэвэрлэгээнд цэргийн албан хаагч, оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг дайчлах үүргийг өнөөдөр өглөөний шуурхай зөвлөгөөний үеэр өгчээ. Тэгээд энэ долоо хоногт багтааж, хотын цасыг цэвэрлэж дуусгахыг үүрэгдсэн байна.
Мичин жилийн зудны үеэр мээр болно гэж зүтгэсэн тэр азгүй л байна даа. Цас ордгоороо орно, С.Батболд муулуулдгаар муулуулна. Хүрзнээс өөр цас “айлгах” багажгүй хотынхон халтирч унасан нэгнээ шоолж, хариуцлагагүй дарга нараа миалсаар өвлийн сарыг дуусгана. Гэхдээ болоогүй ээ, дөнгөж өвлийн эхэн сар. Хаврын тэргүүн сар болтол дахиад чилээсэн гурван сар бид цасанд даруулж, халтиргаанд халширна.
В.Бат