"Чингис хаан" Олон улсын нисэх буудлын Транзит танхимыг бүрэн ашиглалтад оруулж, албан ёсоор нээлээ. Зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулснаар цагт 800 зорчигч хүлээж авах чадалтай байсан тус нисэх буудал 1200 зорчигчдод үйлчлэх боломжтой болжээ. Чингис хаан олон улсын нисэх буудал дотоод боломжоо ашиглан 1.9 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ. Транзит танхимд олон улсын зорчигчдын явах, ирэх танхим, бизнес танхим, худалдаа үйлчилгээ, амрах өрөө зэргийг цогцоор нь шийдсэн байна.
Транзит танхимыг бий болгосноор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэг нэмэгдэж улмаар улсын төсөвт оруулах навигацын орлого нэмэгдэх боломж бүрдэж байна. Шинэ транзит танхимаар дамжиж, дараагийнхаа онгоцонд суух бололцоо манай улсад анх удаа бий боллоо. Одоо энэ бололцоогоо сурталчилж, ОХУ-ын Омск, Новосибирск, Екатеринбург, Чита, Эрхүү зэрэг хотоос Улаанбаатарт транзитаар дамжаад зүүн өмнөд Азийн орнууд болон бусад орнууд руу явах нислэгийг зохион байгуулдаг болох ёстой гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингис хаан олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцахдаа онцолж байсан юм.
Уншиж байна |