УИХ-ын дэд дарга, Эдийн засагч С.Одонтуяа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын саналаа боловсруулсан байна. Энэ талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Эдийн засагч хүний хувиар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд саналаа боловсруулсан байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
- “Монголын эдийн засгийн форум-2024” өнгөрсөн хоёрдугаар сарын 1,2-нд Төрийн ордонд чуулж “Бүсчилсэн хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Та бүхний оролцсон хэлэлцүүлэг, дэвшүүлсэн саналуудад үндэслэж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, иргэдийн дунд хэлэлцүүлээд эцсийн хувилбараа Улсын Их Хурлаар батлуулах болно” гэсэн.
Энэ Форумд танилцуулсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай санал нийлэхгүй байгаа учраас би зөв зүйтэй гэж үзэж буй хувилбараа олон нийтэд танилцуулж эхлээд байна. Миний зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлого бол улс орны хөгжлийн хэтийн төлвийн стратеги учраас зөвхөн өнөөдрийн байгаа боломж, нөөцдөө тулгуурлаж явцуу хүрээнд олон жижиг бүсэд хувааж төлөвлөх бус харин Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй гэж бодож байна. Зөвхөн өнөөдрийн байгаа нөөц, боломждоо тулгуурлан тодорхой хэдхэн бүс нутгийн онцлогт дулдуйдаж үе шаттай хөгжүүлнэ гэвэл ганц хоёр бүс нутаг бусдаасаа илүү хөгжих боломжтой болж тэр бүс нутагт хүн ам, хөрөнгө хүчний төвлөрөл үүсэж, бусад бүс нутаг эзгүйрэх, ажиллах хүчний хомсдолд орох, улмаар хөгжил нь саарах эрсдэл үүснэ! Тиймээс Монгол улсынхаа Бүсчилсэн хөгжлийн зураглалыг босоо тэнхлэгээр “Баруун бүс”, “Төвийн бүс”, “Зүүн бүс” гэсэн 3 тэнцүү бүсэд хувааж хэтийн төлөвдөө эн тэнцүү хөгжлийн боломжтой байхаар төлөвлөх нь зүйтэй гэж төсөөлж байна.
-Тодруулбал...
-Энэ 3 бүсэд аль алинд нь Монгол орны байгаль газар зүйн онцлогийг бүхэлд нь багтаасан ой хөвч, ойт хээр, хээр тал, говь цөл, уул ус цөм бий. Таван хошуу малаа маллах, оторлох Хангай, Говь, Тал хээр хосолсон бэлчээр нь уламжлалт Нүүдлийн мал аж ахуйгаа хадгалж үлдээх хосгүй боломж! Бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжсэн аж ахуйтай хослуулсан ч болно. Ашигт малтмалын нөөц хангалттай байгаа. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх түүхий эд, байгалийн баялаг болон газар тариалан эрхлэх газар нутаг аль ч бүсэд хангалттай байна. Шинжлэх ухаан, боловсрол, түүх, соёл, урлаг, аялал жуулчлалын аль ч салбарыг бүс бүсээр нь алагчилж сорчлолгүй тэнцүү хөгжүүлэх боломжийг олгох ёстой! Ийм өнцгөөс харж энэ хувилбарыг санал болгон зохих үндэслэл, нотолгоотой нь танилцуулж байгаа юм.
-Гурван бүсэд хувааж, энэ тэнцүү хөгжүүлэх нөөц боломж би юу?
-“Бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлж 3 бүсийг эн тэнцүү хөгжүүлнэ” гэхээр “Тэр их мөнгө чинь хаа байна? Хий хоосон бүү мөрөөд!” гээд ханцуй шамлаад босоод ирэх хүмүүс цөөнгүй байх нь мэдээж. Асуудлын гол нь мөнгөний хомсдол гачигдалд байгаа юм биш ээ! Монгол улсаа хөгжүүлэх мөнгийг хэрхэн бүрдүүлэх талаарх бидний сэтгэлгээ л дэндүү ядуу байна. Дэлхий дээр МӨНГӨ хангалттай байна! Өнөөдөр улс орныхоо хөгжлийг 50 жилээр төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлнэ гээд алхам алхмаар урагшлуулах гэж аргалж аргацаах бол АЛСЫН ХАРАА биш ээ! Алсын хараа гэдэг бол өнөөдрөөс эхлэн урьдийн хэвшмэл ”ядуу сэтгэлгээ”, арга барил, хандлагаа эрс өөрчилж илүү үр дүнтэй, дайчин давшингуй бодлогод шилжихийг хэлнэ гэдгийг бидэнтэй ижил гараанаас эхлээд өдгөө эрчтэй хүчтэй хөгжиж буй орнуудын туршлага жишээ бэлхнээ харуулж байна.
Өөрийн ганц ч сүлжээ дэлгүүргүй хэрнээ жижиглэн худалдааны хамгийн том сүлжээг үүсгэсэн – Alibaba, ганц ч таксигүй мөртлөө дэлхийн хамгийн том такси-үйлчилгээний компанийг байгуулсан - UBER, нэг ч зочид буудалгүй хэрнээ зочид буудлын үйлчилгээний хамгийн том сүлжээг бий болгосон - Airbnb, өөрийн кино-театргүй ч гэсэн дэлхийн хамгийн том кино- театр болсон Netflix зэрэг дөнгөж гарч ирээд л дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын түүх бол хуучин уламжлалт хэв загварыг зоригтой эвдэж ”Цахим эдийн засаг” гэдэгт шилжиж чадсаны бэлэн жишээ юм.
Биднийг өнөөгийн хөрөнгө хүчний хомсдолдоо баригдсан ядуу сэтгэлгээгээр хөгжлийн бодлогоо хагас зуун жилээр төлөвлөж хүлээж сууж байх энэ цаг дор дэлхийн хөгжлийн цаг хугацааны хэмжүүр эрс өөрчлөгдөж цоо шинэ кибер орон зай, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн шинэ эрин үе эхэлчихээд байна. Бид түрэн орж ирж буй энэхүү “Цахим эдийн засгийн” давалгааг ашиглан, урьдийн хэвшмэл бизнесийн загвар, сэтгэлгээгээ эрс өөрчилж илүү үр дүнтэй, дайчин, далайцтай, даацтай хөгжлийн бодлогод шилжих аваас эх орон маань давшингуй хөгжлийнхөө шатанд гарч олон улсын хэмжээнд нэр хүндтэй, тэргүүлэх эдийн засагтай улс болох бүрэн боломжтой. Манай түрүү түрүүчийн бодлого тодорхойлогчид хөгжлийн бодлогын зарчмын тулгуур асуудлуудыг цогц байдлаар нь, уялдаа холбоотой нь авч үзэхгүй хагас дутуу, цаг үеийн байдлаар урсгалаар нь, ганц нэгээр нь хэрэгжүүлэх гэж хандаж ирсэн. Иймээс өөрийн санал болгож буй Бүсчилсэн хөгжлийнхөө бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлж эхлэхэд шаардагдах хөрөнгө санхүүжилтийг бүрдүүлэх зарим боломжит арга замын талаар судалж мэдсэн зүйлээ тодорхой санал болгон танилцуулмаар байна. Энэ талаар нилээд дэлгэрэнгүй өгүүлэх шаардлагатай тул тусад нь цуврал нийтлэлийн хэлбэрээр танилцуулах нь зохистой юм гэж бодлоо.